ТЦА: Ачааны автомашинуудад хяналт шалгалт хийх ажил НЭГ САР ҮРГЭЛЖИЛНЭ
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашинуудад хяналт шалгалт хийж эхэлжээ.
Тодруулбал, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ачааны машинуудад шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдалд хуулийн дагуу арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах юм байна.
Ачаа, тээврийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, хуулийн этгээд холбогдох стандартын шаардлагыг хангуулж тээврийн хэрэгсэлд ачаагаа ачиж тээвэрлэх ёстойг зөвлөв.
Замын хөдөлгөөний дүрмээс:
- Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байх
- Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгаж, шаардлага хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүй байх
- Ачааг унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй байхаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байх
- Ачааг жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байдлаар ачих
- Ачааг тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байхаар ачих
- Ачааг тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл болон гараар өгөх дохио, улсын бүртгэлийн дугаар, таних тэмдгийг халхлахгүй байхаар ачсан байх
- Ачааг их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байхаар тээвэрлэх
- Ачааг суурин газарт 22:00 цагаас 06:00 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахгүй байх
- Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримталсан байх.
Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг байрлуулахаас гадна харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулж тээвэрлэхийг ТЦА-наас анхаарууллаа.