Алдаатай гүйлгээ эсэхийг мэдээгүй зарцуулсан бол ЗАВШСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ

2023 оны 3 сарын 21

Д.А нь тухайн жилд татварын хөнгөлөлт эдлэх байсан тул 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн 2 удаагийн гүйлгээг өөрийн татварын буцаан олголт гэж ойлгож мөн өдөр данснаасаа 1.540.000 төгрөгийг бэлнээр авахдаа 2 дахь удаагийн татварын буцаан олголтын гүйлгээг бусдынх гэдгийг мэдээгүй зарцуулжээ. Энэ талаар түүнд хохирогч А.А нь мөн оны 10 дугаар сард мэдэгдсэний дараа татварын улсын байцаагчтай уулзах үед Д.А-ийн дансанд алдаатай гүйлгээгээр шилжүүлсэн А.А-ийн татварын буцаан олголтыг тэрээр өөрийн хөрөнгө гэж ойлгон зарцуулсан талаар олж мэджээ.

Анхан шатны шүүх Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэснийг тэрээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн хүн бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй, харин хохирогчийн эд хөрөнгө түүний эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд “өөрийн болгох, завших” шунахайн сэдэл төрж шамшигдуулах, захиран зарцуулснаар тухайн гэмт хэргийг үйлдэгдсэнд тооцно. Уг гэмт хэргийг үйлдсэн хүн алдаатай гүйлгээгээр орж ирсэн мөнгийг бусдынх гэдгийг мэдсээр байж өөрийн өмч мэт захиран зарцуулахдаа бусдын өмчийг эзэнд нь буцааж өгөхгүй гэх туйлын санаа зорилгоор тухайн хөрөнгийг захиран зарцуулж, завшсан байдаг онцлогтой.   

Шүүгдэгч Д.А нь 2021 онд татварын буцаан олголт авах байсан учир өөрийн дансанд андуурагдаж орсон А.А-ийн татварын буцаан олголтыг өөрийн мөнгөтэй хамт 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр авч зарцуулсан боловч тухайн үед дансандаа орсон 2 удаагийн татварын буцаан олголтыг өөрийн татварын хөнгөлөлт гэж ойлгосон, алдаатай гүйлгээгээр орсон мөнгийг А.А-ийн татварын буцаан олголт буюу бусдын өмч гэдгийг лавтай сайн мэдсээр байж захиран зарцуулсан нь тогтоогдоогүй тул түүний эл үйлдэлд гэмт хэргийн шинжгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Нөгөө талаар, шүүгдэгч Д.А нь өөрийн дансанд 2 дахь удаа орж ирсэн алдаатай гүйлгээг А.А-ийн өмч гэдгийг мэдсэн даруйд өмчлөгчид нь буцааж өгөх талаар “сар бүр хуваарь гаргаж төлөх, эсхүл дараагийн жилийн татварын буцаан олголтод тооцуулах” санал гаргасан нөхцөл байдлыг шүүх үнэлээд, давж заалдах шатны шүүх Д.А-ийн үйлдлийг “алдаатай гүйлгээг завших” гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.А-г цагаатгаж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645575
0 эможи

keyboard_arrow_up