“Хүүхдэд нэгээс олон тооны вакциныг ижил цаг хугацаанд тарихад дархлааны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэггүй“

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

Нийт хүн ам, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлын нэг чухал хэсэг  нь халдварт өвчнөөс сэргийлэх нийгмийн арга хэмжээ болсон вакцинжуулалт юм. 

Манай улсад цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг 1923 оноос, сүрьеэгийн эсрэг вакциныг 1946 оноос, халдварт саагийн вакциныг 1965 оноос, сахуу-хөхүүл ханиад-татран вакциныг 1967 оноос, улаанбурханы вакциныг 1973 оноос, В хепатитын вакциныг 1991 оноос, сахуу-хөхүүл ханиад-татран-В хепатит-В хэв шинжийн хемофилус эсрэг вакцин 2005 оноос, улаанбурхан-гахай хавдар-улаануудын хавсарсан вакциныг 2009 оноос вакцинжуулалтад хамруулж, Монгол улсын Дархлалын Үндэсний Хөтөлбөр боловсрогдож батлагдан, 2000 оноос эхлэн Дархлаажуулалтын хуулийг мөрдөж эхэлсэн.

Заавал хийх дархлаажуулалт гэж дархлаажуулах насны бүх хүнийг хамарвал зохих дархлаажуулалтыг /товлолын дархлаажуулалт/ хэлнэ. Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийгдэг.

Та вакцин тариулснаар халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, халдварт өвчний тархалтыг хязгаарлах, товлосон хугацаандаа вакцинаа хийлгэснээр дархлаа тогтох, халдвар авах эрсдэлийг бууруулах, халдварт өвчнийг устгах зэрэг хүний эрүүл мэнд төдийгүй нийгэм ба эдийн засгийн хувьд ач холбогдолтой.

Вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, аюулгүй, үр дүнтэй болох нь судалгаа, лабораторийн шинжилгээгээр батлагдсан, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2ºС–+8ºС-д хөргөгчид/ ба тээвэрлэх нөхцөлийг /+2ºС–+8ºС, хөлдөөж болохгүй/ хангасан, вакцины хэрэглэх хугацаа нь хэтрээгүй, хадгалах, тээвэрлэх нөхцөлийг хангасан эсэхийг заах шошгон дээрх индикатор үзэх зэрэг мэдээллийг сувилагчаас асуух хэрэгтэй.

Хүүхдэд нэгээс олон тооны вакциныг ижил цаг хугацаанд тарихад түүний дархлааны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг шинжлэх ухаан нотолсон байдаг.

Ер нь бол хүүхдүүд дархлааны тогтолцоотой харилцан үйлчлэлцэж байдаг хэдэн зуун гадны биетийн нөлөөнд өдөр тутам өртөж байдаг. Хоол хүнс идэх энгийн мөчид ч гэсэн шинэ төрлийн харь биет хүний бие махбодь руу орж байдаг, хэвийн үед ч гэсэн хүний ам хамрын хөндийд олон тооны нян, бичил биетнүүд амьдарч байдаг билээ. Ханиад, хоолойн өвдөлт үүсгэдэг гадны харь биетийн тоо хэмжээ нь вакцины найрлага дахь харь биетийн тоо хэмжээнээс хамаагүй их хэмжээтэй байдаг.

Нэг дор хэд хэдэн вакциныг зэрэг тарих нь эмчид үзүүлэх давтамжийг бууруулж, улмаар цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх ач холбогдолтой. Мөн түүнчлэн хатгалтын тоог цөөрүүлснээр хүүхдэд үзүүлэх таагүй мэдрэмжийг бууруулна. Вакцинжуулалтаас үүдэлтэй өвдөлтийг намдаах хэд хэдэн арга замуудыг ч бас хэрэгжүүлж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645548
0 эможи

keyboard_arrow_up