С.ӨНӨРСАЙХАН: 15-69 насныхны 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай хөдөлгөөн огт хийдэггүй

2023 оны 3 сарын 20

Arslan.mn

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Тус аяны хүрээнд "Зөв зохистой хооллолт яагаад чухал вэ", "Өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ", "Биеийн жингийн индекс тооцох аргууд", "Илчлэг тооцох аргууд", "Эрүүл бус хүнсний хэрэглээ, хоол хүнсний аюулгүй байдал" гэх чиглэлээр сургалт явуулах аж. 

Жилийн турш үргэлжлэх “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны талаар НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Тус аяныг үндэсний хэмжээнд жилийн турш зохион байгуулна. Халдварт бус өвчин гэдэг нь хөдөлгөөний идэвхгүй байдал, буруу хооллолт зэрэг эрсдэлт зан үйлтэй холбоотой. Зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт зэргийг халдварт бус өвчин гэж хэлж байгаа юм.

Олон улсын судалгаагаар дээр дурдсан өвчлөлөөс 40-60 хувь сэргийлэх боломжтойг нэгэнт нотолсон. Харамсалтай нь эрүүл мэндийн эрт илрүүлгийн дүнгээр хүн амын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин зонхилон тохиолдлоо. Мөн таргалалт өссөнийг тоо баримт илтгэж байна.

Монгол Улсын хүн амын ердөө дөрөвхөн хувь нь эрсдэлт хүчин зүйлийн нөлөөнд автаагүй.

Эрүүл мэндийн зан үйлийн онолоор эрүүл аж төрөх хэв маягт

  • эрүүл зөв хооллолт 70 хувь
  • идэвхтэй хөдөлгөөний 30 хувийн харьцаагаар халдварт бус өвчний эрсдэлээс сэргийлж болно. 

Харамсалтай нь хүний дадал, хандлага 24-36 сарын хугацаанд явагддаг бөгөөд хүний зан үйл тогтмол, байнга хийснээр өөрчлөгддөг. Тиймээс зан үйл, хандлагаа өөрчлөхөд иргэн бүрийн оролцоо чухал.  

Судалгаанаас харахад, манай улсын 15-69 насныхны 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай хөдөлгөөн огт хийдэггүй. Мөн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин ба таргалалттай" хэмээн хэллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645537
0 эможи

keyboard_arrow_up