Хүний амь хохироохуйц нянтай мах худалдахыг завдсан гэх хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Нийслэлийн прокурорын газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, “Эм Ди Си Пи” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн баруун дэнжид байрлах байранд “Мах боловсруулах үйлдвэрлэл”-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авсан байна.
Улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 234 мянган кг мах, махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь нас хохироож болох нянтай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдах, түгээхийг завдсан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 4, 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
20.12 дугаар зүйл.Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.









