СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговийн нутгаар хүчтэй салхилж, цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ

2023 оны 3 сарын 13

Arslan.mn

Энэ сарын 06-13-ны өдөр хүртэлх, 7 хоногийн цаг агаарын тойм:

Гуравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Ховдын хойд хэсгээр салхи секундэд 16-24 метр, зарим үед секундэд 24-34 метр хүрч ширүүссэн. Энэ сарын 9-ний өдөр Завханы нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангай, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 1-6 мм цас орж, цасан шуурга 1-6 цаг шуурч, Говь-Алтай, Баянхонгор, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр салхи секундэд 15-27 метр, зарим үед секундэд 27-32 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан.

Харин гуравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Төв, Дорнодын хойд хэсгээр 1-6 мм цас орж, цасан шуурга 1-4 цаг шуурч, Дундговийн нутаг, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд 15-25 метр, зарим үед секундэд 25-34 метр хүрч, шороон шуурга 1-7 цаг шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. Үүнээс Ховдын Дунд-Ус, Дундговийн Сайнцагаан сумдын нутгаар салхи түр зуур секундэд 34 метр хүрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Хур тунадас: 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Алтайн өвөр говь болон Хөвсгөлийн уулсаар, 08-нд баруун аймгууд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-21.0 мм бороо, нойтон цас, 10-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 11-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-4.7 мм цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +9…+15 градус дулаан байв. 7 хоногийн хамгийн дулаан нь Дундговийн Луусд +24 градус дулаан байлаа.

Агаарын хамгийн бага температур: Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр -27…-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23…-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -6…-13 градус, бусад нутгаар -14…-21 градус хүйтэн хоносон байна. 7 хоногийн хамгийн хүйтэн нь Завханы Цэцэн-Уулд -32 градус хүйтэн байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645378
0 эможи

keyboard_arrow_up