Д.Мөнх-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хурлаа ХОЙШЛУУЛЛАА
Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр боллоо. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын "Шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт, Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шинээр авах хүсэлтийг үндслэн шүүх хурлаа үргэлжлүүлсэнгүй, хойшлууллаа. Улмаар шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 4-ний 10.00 цагт хийхээр товлов. Мөн Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах хүсэлтийг шүүх хүлээж авахаас татгалзлаа.
Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж дүгнэжээ.