ТЦА: Сар шинийн өдрүүдээр 1500 гаруй алба хаагч замын хөдөлгөөн зохицуулна
Сар шинийн баярын өдрүүдэд хотын төв орчмын замын хөдөлгөөн саарч, хотын зах руу чиглэсэн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний эрчим нэмэгддэг.
Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах, зохицуулагч Б.Энхболд “Тээврийн цагдаагийн албанаас энэ чиглэлийн гудамж, талбайн замын хөдөлгөөнд 1500 гаруй алба хаагч, 24 цагийн турш хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллана. Гэр хороолол руу чиглэсэн хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримталж, аль болох эгнээ байраа солихгүй, зэргэлдээ нутаг дэвсгэрээр зорчихгүй байхыг уриалъя. Энэ дүрмийг мөрдөөгүйгээс үүдээд зам тээврийн осол гарах, цаашлаад гол замууд дээр түгжрэл үүсэх эрсдэл бий” гэлээ.
Иймд жолооч та бүхэн сар шинийн баярын өдрүүдэд хөдөө орон нутагт зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган:
- гүйцэж түрүүлэх үйлдлийг аюулгүй байдлаа бүрэн хангаж хийх,
- хамгаалах бүсийг жолооч зорчигч бүр хэрэглэх,
- замын нөхцөлд тохируулан хурдаа тохируулах,
- шөнийн цагт гэрэл шилжүүлэх,
- зорчих хэсэг дээр шалтгаангүйгээр зогсохгүй байхад анхаарч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.