Туркт аврах ажиллагаа явуулсан Монголын баг өнөөдөр 17.00 цагт эх орондоо ирнэ
БНТУ-д ажилласан Монголын аврах баг өнөөдөр 17.00 цагт эх орондоо ирнэ. Тэд өнгөрсөн хугацаанд нийт найман хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүн /үүнээс зургаан хүүхэд/-ий цогцсыг гаргасан байна.
Хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Эх орон, ард түмнийхээ өгсөн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж байгаа багийн нийт бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх талархал илэрхийллээ. Манай улсын хувьд анхны далайцтай, шуурхай, мэргэжлийн түвшний олон улсын эрэн хайх, аврах, эмнэлэг, хүмүүнлэгийн чиглэлээр үүрэг гүйцэтгэхдээ аюулгүй байдлаа сайтар хангаж байхыг захив.
Монгол Улсын эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа Хатай мужийн Антакья хотод хүнд техникээр барилгын нурангийг цэвэрлэж зайлуулах, сэргээн босгох ажиллагаа эхлээд байна.
Гэсэн ч эрчим хүч, дулаан хангамж, интернет сүлжээ тасарсан, нийт барилга байгууламжийн 90 орчим хувь нь нурж сүйдсэн, газар хөдлөлтийн чичирхийлэл тасраагүй, нурангид өртөх эрсдэл өндөр байна.









