“Герман Улсын сэргээн засварлалтын туршлага-2014” сургалт үргэлжилж байна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол-Германы хамтарсан “Хархорум экспедици” төслийн урилгаар Германы Бонн хотын Ландес музейн сэргээн засварлагч Хольгер Беккер, Юлиана Баузевайн, Штудгарт хотын Линдэн музейн сэргээн засварлагч Андреа Штеффен нарын 3 сургагч багш хүрэлцэн ирж “Герман Улсын сэргээн засварлалтын туршлага-2014” сургалтыг зохион байгуулж байна.
Сэргээн засварлалтын сургалтыг 2014 оны 07 дугаар сарын 23-30 –ны өдрүүдэд Хархорум музей дээр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтанд Монгол Улсын Соёлын өвийн төв, Шинжлэх ухааны Академийн Археологийн хүрээлэн, МУИС–ийн Археологи-Антропологийн тэнхим, Дэлхийн өв-Орхоны хөндийн хамгаалалтын захиргаа зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, улс орон нутгийн музейн нийт 22 сэргээн засварлагч, сан хөмрөгчид хамрагдаад байна.
Сургалтын гол зорилго нь соёлын өвийг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах судлах чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын сэргээн засварлагч, судлаач, сан хөмрөг хариуцсан ажилтнуудыг Герман улсын сэргээн засварлалтын туршлагаас суралцуулах, чадавхжуулахад чиглэсэн юм.
Сургалтын хөтөлбөрт төмөр, даавуу, арьс, мод, шавар эдлэлийн технологи, археологийн малтлагын үед анхаарах зүйл, баримтжуулалт, олдворын тээвэрлэлт, сэргээн засварлах төлөвлөгөө гаргах, тодорхой олдворууд дээр дадлага хийх зэрэг нийт 18 цагийн онол, 15 цагийн дадлагын хичээл багтсан байна.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн, Герман Улсын Археологийн Институтын хамтын ажиллагааны хүрээнд Монгол, Германы хамтарсан экспедици Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь түүний орчимд 2000-2013 онд археологийн малтлага судалгаа явуулж байгаа бөгөөдХархорум музей үндсэн чиг үүргийнхээ дагуу малтлагаар илэрсэн олдворыг хадгалж, хамгаалах, судалж сурталчлах ажлыг 2011 оноос хариуцан Герман Улсын Археологийн Институт, “Хархорум экспедици”, Германы Бонны Их сургуулийн “Орхон” экспедицитэй хамтран ажиллаж байгаа юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Германы Археологийн хүрээлэнгээс Хархорум хот түүний орчимд хийсэн малтлагаар илэрсэн олдворыг бүртгэн баримтжуулах, тээвэрлэх, сэргээн засварлахад нэн тэргүүнд шаардлагатай зарим тоног төхөөрөмж, техник хэрэгслийг Хархорум музейд бэлэглэж, сэргээн засварлах лабораторийг тохижуулав.