ХХҮЕГ: Хүүхдийн мөнгө II сарынх орж ирсэн, III сарын мөнгийг хамт олгох чиглэл ирээгүй
Хүүхэд бүрд сар болгон 100,000 төгрөгийн тэтгэмжийг улсаас олгодог. Энэ сарын хүүхдийн мөнгө олгох хугацааг цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан урагшлуулж, 2, 3 дугаар сарын мөнгийг хамт олгох болсон талаар Сангийн сайд С.Жавхлан мэдээлж байсан.
Тэгвэл энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяраас тодруулахад "Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өгөх санхүүжилт орж ирсэн. Монгол Улсын нийт хүүхдийн 91% буюу 1.2 сая орчим хүүхдэд 114 тэрбум төгрөг олгоно. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно.
Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарынхтай хамт олгох чиглэл бидэнд ирээгүй. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох санхүүжилт орж ирээгүй." хэмээлээ.









