Туркийн ард иргэдэд зориулсан тусламжийн бараа хүргэх нислэг Истанбулын зүг өнөөдөр хөөрчээ
Байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшигт өртөөд буй БНТУ-ын ард иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨХК тээвэрлэн хүргэж байна.
Тус компани энэ оны хоёрдугаар сарын 9-нд Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн юм. Тэгвэл 2.7 тонн ачаа тээвэрлэсэн нисэх онгоц өнөөдөр 10:21 цагийн үед Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрчээ.
Мөн манай улсын аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 11-ний өдөр хээрийн эмнэлэгт нийт 86 том хүн, 8 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бөгөөд 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээ хийсэн байна.









