Шүүхээс Б.Баасанцогтод 4.4 жилийн хорих ЯЛ ОНООЛОО
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Баасанцогт, шүүгдэгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Мөнхбаяр, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцлээ.
Анхан шатны шүүх:
- шүүгдэгч “Улаанбаатар импекс” ХХК-ийг цагаатгаж,
- шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг орон байраар хангасан гэмт хэргийг, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн.
- шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 7,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхцэцэгийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 5,000,000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Баасанцогтоос гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.