ШШГЕГ: Улсын хэмжээнд 7678 хүүхдийн 27 тэрбум төгрөгийн тэтгэлэг төлөгдөөгүй байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүүхдийн тэтгэлэг төлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Хуулиа дээдэлж, үүргээ биелүүлье”, “Хүүхдийн тэтгэлэг-хүүхдийн ирээдүй” аяныг зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо нэмэгдэж байгаа нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өсөж хүмүүжих, сурч боловсрох суурь эрхийг зөрчиж буй.
Тиймээс хүүхдийн тэтгэлэг төлөлтийг сайжруулах, шүүхийн шийдвэрийг даган биелүүлэх иргэд, эцэг эхийн ухамсрыг дээшлүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа учраас тус ажлыг эрчимжүүлэх хүрээнд дээрх аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах юм.
Улсын хэмжээнд хүүхдийн тэтгэлгийн нийт 12690 гүйцэтгэх баримт бичгийн 30.4 тэрбум төгрөгөөс 149 гүйцэтгэх баримт бичгийн 2.7 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 7678 хүүхдийн 27.7 тэрбум төгрөгийн тэтгэлгийн төлөгдөөгүй, хуримтлал үүсжээ.
Төлөгдөхгүй байгаа шалтгаан нөхцөлийг авч үзвэл төлбөр төлөгч төлбөрийн чадваргүй буюу хөрөнгө, орлого тогтоогдохгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн зэргээс шалтгаалан шүүхийн шийдвэрийн бодит биелэлт хангалтгүй байгаа юм.