Монгол Улсын аврагчдын баг үнэрч нохдоо дагуулан өнөө өглөө Турк улсыг зорилоо
35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улсыг зорилоо.
ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид тус улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн халуун цэгт үүрэг гүйцэтгэнэ.
БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтжээ. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай "Марта", 3 настай "Балу" дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан байна.
Эрэн хайх, аврах багийнхантай УОК-ын дарга болон Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайд Зафер Атеш нар уулзсан юм.
УОК-ын дарга С.Амарсайхан учирч болзошгүй эрсдэлийг сайтар тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг захисан бол Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж байгаа та бүхэнд баярлалаа. Нэг ч хүний амь аврахгүй байсан ч гэсэн хүнд бэрх цагт монголчууд та бүхний гаргасан энэхүү халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” гэв.









