Д.Чинзолбоо: Нэг маягийн зураг төслүүдийг боловсруулж дуусган, ашиглахад бэлэн болголоо

2023 оны 1 сарын 30

Arslan.mn

 -Танд энэ өдрийн мэн хүргэе. Юуны өмнө  “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ  зураг төслийн хяналтын ямар чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

     -“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын  Зураг төслийн хяналтын хэлтсийн гол чиг үүрэг нь улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үйл явцад захиалагчийн хяналтыг гүйцэтгэхэд оршино. Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах үйл явцыг төсвийн ерөнхийлөн захирагч нар  тус тусдаа хариуцан хянадаг  байсан бол 2021 оноос эхлэн энэхүү чиг үүрэг нь БХБЯ-нд төвлөрөн хэрэгжүүлэн ажиллаж  байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих  бүх төсөл арга хэмжээнүүдийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үйл явц  БХБЯ-д нэгтгэн хэрэгжиж байна.  Ингэснээр бусад төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийн үндсэн чиг үүргийн дагуу бодлогоо боловсруулах ажилдаа анхаарах нөхцөл боломж илүү нэмэгдэх давуу талтай.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.06.30 өдрийн 309 дугаартай тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын бүтцийг шинэчлэн баталж, “Зураг төслийн хяналтын хэлтэс” байгуулагдан энэ ажлыг гардан гүйцэтгэж байна. 

-Одоо танайд хэчнээн зураг төсөл хянагдаж байна вэ. Зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын явцыг танилцуулбал?

      -2021 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний 172 зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэлээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 76 зураг төсөл иж бүрэн дуусаж, ашиглагч байгууллага буюу харьяа яам, болон аймаг, орон нутагт хүлээлгэж өгөөд байна. Тодруулж хэлбэл,  хот байгуулалтын баримт бичиг 4, нэг маягийн 17 зураг төсөл, барилгын 13 зураг төсөл, шугам сүлжээний болон усны барилга байгууламжийн 41 зураг төсөл иж бүрэн дуусаад байна. 

     Одоо боловсруулагдаж байгаа 93 зураг төсөл байна.

-Одоо хэрэгжиж байгаа онцлох томоохон зураг төслүүдээс нэрлэвэл?

-Томоохон онцлох зургууд гэвэл, “Олон улсын хүүхдийн найрамдал -2” зуслангийн зураг төсөл хийгдээд батлагдах шатандаа явж байна. “Хавдар судлалын үндэсний төв-2” эмнэлгийн барилгын зураг төсөл,  Дотоод хэргийн их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, “Залуус-1” хорооллын барилгажилтын зураг төсөл, Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний  мастер төлөвлөгөөний зураг төслүүд гэх зэрэг томоохон зураг төслүүд боловсруулагдаж, дуусах шатандаа орж  байна.

      -Нэг маягийн зураг төслийг тодорхойлж хэлбэл,  ямар зураг төслийг нэг маяг гэж хэлээд байна вэ. Нэг маягийн зураг төслийг ашиглах нь ямар  ач холбогдолтой вэ?

    -Нэг маягийн зураг төсөл гэдэг нь товчхондоо, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийг ижил загвараар барихыг  хэлнэ. Загвар, хийц, бүтээц талаасаа өөрчлөгдөхгүй нэг маягийн загвартай  зураг төслийг өөр өөр байршилд давтан ашиглах боломжтой байдаг. Монгол Улсын хаана ч аваачаад ашиглахад бэлэн болгосон зураг юм.  Нэг маягийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслөөр барилга байгууламжийг барих нь цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засаг, төсөв хэмнэх ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд, боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгааллын салбарын бүтээн байгуулалтууд нь хүчин чадлын хувьд ижил боловч төсөвт өртөг нь харилцан адилгүй байсаар ирсэн. Тэгвэл нэг маягийн зураг төслийг авч ашигласнаар энэ мэт асуудал гарахгүй байх нөхцөл хангагдаж, төсөв хэмнэх давуу талтай.  Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, нэг маягийн зураг төсөл хэрвээ алдаатай батлагдвал, тэр алдаа нь давтагдаад л яваад байх  эрсдэлтэй. Тэр утгаараа нэг маягийн зургийг анхнаас нь боловсруулах шатанд сайн хянаад, төлөвлөлттэй зөв зураг гаргах нь маш чухал. Тэр үүднээсээ манайхаас эскизийн шатнаас холбогдох мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлээд саналыг нь тусган боловсруулж байгаа учраас алдаагүй зураг хийж байгаа гэж ойлгож болно.

    -Нэг маягийн ямар зураг төслүүд бэлэн болж дуусаад байна вэ?

 -Дунд сургуулийн спорт заалны зориулалттай 540, 720 м2 хэмжээтэй барилгын нэг маягийн зураг төсөл”, 

-“Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /100,160 ортой/, / тоосго, төмөр бетон каркас хийцлэлтэй/

-“Ерөнхий боловсролын дунд сургуулийн зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /320,640 суудалтай/

-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /цэцэрлэг-150, сургууль-320 хүүхдийн суудалтай/

-“Ерөнхий боловсролын бага сургуулийн зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /160 хүүхдийн суудалтай/

-“Хүүхдийн цэцэрлэгийн зориулалттай барилгын нэг маягийн зураг төсөл” /50, 150, 200 хүүхдийн хүчин чадалтай/

-Эрүүл мэндийн төв барилгын нэг маягийн зураг төсөл /10,15,22 ортой/

-Соёлын төв барилгын нэг маягийн зураг төсөл /200,400 суудалтай/ зураг, төсөл хийгдээд бэлэн болсон байна.  

              Төсвийн ерөнхийлөн захирагч нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд эдгээр батлагдсан, бэлэн  болсон  нэг маягийн зураг төслийг манайхаас авч   ашиглах нь бүрэн нээлттэй.   Манайхаас зураг авахаар ирсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт бид  тухай орон нутагт хэдэн хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих шаардлагатайг судалгаатай уялдуулан зөвлөдөг.  

        Өмнө нь тооцоо судалгаагүй, төлөвлөлтгүйгээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьснаас болж төсвийн үргүй зардал гарч байгаа тухай шүүмжлэл нэлээд гарч байсныг та бүхэн мэднэ.   Жишээлбэл, хүн ам цөөтэй сум, сууринд 10 жилийн дараа ч хүчин чадлынхаа талд хүрэхгүй дүүргэлттэй байхаар 640, 960 хүүхдийн хүчин чадалтай  том сургууль барьчихдаг. Дүүргэлтгүй учраас  ашиглалтын зардал  ихэссэнээс үйл ажиллагааг нь  цааш нь авч явах боломжгүй болдог жишээ тохиолдол гарч байсан.

     "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-аас Монгол Улсын Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ /-ийг боловсруулж байгаа. Энэхүү судалгаанд 2040 он хүртэл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргааны нэгжүүдийн бүтэц тогтолцоо, байршил, орон нутгийн бие даан хөгжих боломж, аймаг, хот суурин газруудын хөгжлийн чадамж, ашиглагдаагүй нөөц боломжийг нээн илрүүлж, эдийн засгийн өсөлтийн төвүүд, хүн амын өсөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолж гаргасан. 

Энэхүү судалгаатай уялдуулж манайхаас  зураг төсөл авахаар ирсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт  танай аймаг, орон нутгийн  хүн ам ирэх 20 жилд хэдэн хувь өсөх тул одоо байгаа сургууль дээрээ нэмэлтээр хэчнээн хүүхдийн хүчин чадалтай сургууль хэрэгтэй юм байна гэдгийг зөвлөж байгаагаараа давуу тал болж байна. 

  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644334
0 эможи

keyboard_arrow_up