Р.Оюунбадам: Бүх насаар хорих ял авсан хүмүүс хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдээгүй байна

2023 оны 1 сарын 26

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос “Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г өчигдөр танилцуулсан юм.

Энэхүү уулзалтад оролцсон Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХЭҮК болон бусад холбогдох байгууллагын төлөөллийн байр суурийг хүргэж байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаач О.Энххүслэн: Монгол Улсын хэмжээнд 2020 онд нийт 3,996 хоригдол бүртгэгдсэнээс 2,757 нь хөдөлмөр эрхэлж байсан. Түүнчлэн

2021 онд 2,959 хоригдлоос 2,045 нь хөдөлмөр эрхэлсэн

2022 онд 4,053 хоригдлоос 2,896 нь хөдөлмөр эрхэлсэн гэсэн тоон үзүүлэлт бий.

2020 оны Засгийн газрын тогтоолоор нийт 39 төрлийн хорих болон цагдан хорих байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбогдуулан хамгийн эхэнд хорих ангийн дэглэм, зэрэглэл болон хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн уялдаа холбоог нэмэлт судалгааны хүрээнд гаргаж ирэхийг зорьсон.

Монгол Улсын хоригдлын нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны нэмэлт судалгааг хийхдээ дөрвөн хорих ангийн 247 хоригдлоос 46 асуулт бүхий анкетын асуулгыг авсан. Улмаар хорих ангийн дэлгэм зэрэглэл нь хоригдлын хөдөлмөр эрхлэлттэй ямар уялдаа холбоотой байдгийг авч үзсэн.

Хэнтий аймгийн 419 дүгээр хорих анги 83 хоригдол

Багануур дүүргийн 427 дүгээр хорих анги 137 хоригдол

Сургалт хүмүүжлийн тусгай төвөөс долоон хоригдол

405 дугаар хорих ангиас 20 хоригдол тус тус хамрагдсан.

Эрдэм шинжилгээний ажилтан Х.Буянбат: Бүх насаар хоригдож буй хоригдлууд хөдөлмөр эрхлэхгүй, хөдөлмөр эрхлэх боломжоор хангагдахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Ингэснээр эрүүгийн хариуцлагын дагуу нийгэмшүүлэх зорилго бүрэн хангагдахгүй байна гэж дүгнэсэн. Иймд бүх насаар хорих ял эдэлж буй хоригдлуудын хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлийг бий болгож холбогдох хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн биелэлтийг хангах шаардлагатай байна.

ШШГЕГ-ын харьяа сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад өнгөрсөн оны зургаадугаар сарын 29, аравдугаар сарын 13-нд очиж ажилласан. Улмаар өсвөр насны хоригдлын ял эдэлж буй нөхцөл байдалтай танилцаж, судалгаа хийсэн. Анкетын судалгаанд 15-18 насны хоригдол хамрагдсан бөгөөд тэд 100 хувь хөдөлмөр эрхэлдэггүй хэмээн хариулсан. Тухайн байгууллагад хоёр удаа хийсэн ажиглалтын судалгаагаар нотлогдсон.

Судлаач Р.Оюунбадам: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд бүх насаар хорих ялтай хоригдол хөдөлмөр эрхэлж болно гэж заасан. Гэвч бодит байдалд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөлөөр төдийлөн хангагдаагүй байна.

Бүх насаар хорих ял оногдуулж байгаагийн цаад хууль зүйн агуулга нь тэр хүнээр хөдөлмөр эрхлүүлээд бага боловч хохирлын мөнгийг хохирогч талд өгөх, улмаар гэм буруугаа бодож олох, 25 жилийн дараа нийгэмдээ эргэж нэгдэх боломжтой байх талаас заавал хөдөлмөр эрхлүүлэх тухай заасан.

Олон жилийн хорих ялыг хөдөлмөр эрхлэхгүй, юу ч хийхгүй гараа хумхиад сууна гэвэл хүн сэтгэл зүйн хувьд даахгүй шүү дээ. Үүнд онцгой анхаарч хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Бүх насаар хорих ялтай этгээдийг мөн л хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж өгөх шаардлагатай байна.

Эрүүгийн хуулиар хорихын үндсэн ял нь зургаан сараас 20 жил хүртэл хорих ял бий. Харин бүх насаар хорих ялтай хүн 25 жил ял эдэлсний дараагаар шүүх авч хэлэлцэнэ. 25 жилийн хорих ял эдэлж байгаа хугацаандаа хөдөлмөрлөх нь чухал байна. Үүнийг хуульд заасан боловч бүх насаар хорих ял авсан хүмүүс хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдээгүй. Үүнд анхаарч ажиллая хэмээн өнөөдөр ярилцаж байна.

Прокурорын байгууллагын төлөөлөл: Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилго дээр хоригдлыг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэх бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, нийгэмшүүлэх бодлого сургалт, хөдөлмөртэй хослох ёстой.

Эхлээд тухайн хоригдолд санал тавьдаг. Таны ур чадвар, мэргэжилд тохирох ийм ажил байна, та ажиллах уу? гэж санал тавина. Хоригдол ажиллана гэвэл өөрийнх нь саналын дагуу хөдөлмөр эрхлүүлдэг. Саналаар нь хөдөлмөрлүүлэхгүй бол энэ нь албадан хөдөлмөр эрхлэлт болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644263
0 эможи

Yoo
2023-01-27 10:20
Surval nom unshij saihan hiij buteej gar urlald
keyboard_arrow_up