Сангийн яаманд ажиллаж байсан мэргэжилтэн М.Дөлгөөнийг нүүрсний хэргээр урд шөнө хорилоо
Нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүний нэрийг АТГ-аас өнгөрөгч арванхоёрдугаар сарын 13-нд олон нийтэд зарласан билээ. Тэдний долоо нь УИХ-ын гишүүн байснаас зарим нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг НПГт гаргасан.Үндсэндээ 50 гаруй хүн нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн шөнө 01:00 цагийн орчимд АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан М.Дөлгөөнийг сэжигтнээр татан баривчилжээ.
М.Дөлгөөн нь 34 настай, өмнө нь Сангийн яамны боомтын захиргаанд мэргэжилтэнгээр ажиллаж байжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дэх заалтаар тус тус шалгаж байна. Хуулийн заалтын сийрүүлбэл:
Эрүүгийн хуулийн 22.1-д заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах"
-Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 –р зүйл . Нийтийн албан тушаалтан хахууль авах
- Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.