ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод шаардлага хүргүүлсэн, хариу өгөхгүй бол УБТЗ ХНН-ийн хүрээнд ажил хаяна

2023 оны 1 сарын 17

Arslan.mn

Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МТЗҮЭХ)-ноос өнөөдөр Зам, тээврийн сайд С.Бямбацогтод зургаан зүйл бүхий хугацаатай шаардлагыг хүргүүллээ.

Шаардлагад Улаанбаатар төмөр зам(УБТЗ) ХНН-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, цалингийн системийг шинэчлэх зэрэг асуудлыг тусгажээ. 

Хариуг нь нэгдүгээр сарын 27-ны дотор өгөөгүй тохиолдолд УБТЗ ХНН-ийн ажилтнуудын хүрээнд ажил хаялт зохион байгуулахаа МТЗҮЭХ-ны дарга Б.Баяраа мэдэгдэв.

Тэрбээр сайд С.Бямбацогтод хүргүүлсэн шаардлагыг танилцуулахдаа "Дээд шатны байгууллага болох Зам, тээврийн яаманд дараах шаардлагыг хүргүүлж байна.

Нэгдүгээрт, компанийн засаглалын тогтолцоотой холбоотой. УБТЗ нь Монгол болон Орос улсын 50:50 хувийн оролцоотой. Засаглалыг хэрэгжүүлдэг байгууллага нь хоёр талаас гурав, гурван хүний төлөөлөл багтсан Ерөнхий хороо. Үүнд УБТЗ-ын эгэл жирийн ажилтан эсвэл хараат бус төлөөлөл байх ёстой. Гэтэл тэнд УБТЗ-тай ямар ч холбоогүй хүн, тухайлбал, О.Цогтгэрэл гэж хүн бидний нэрлэж заншсанаар Шилэн Цогоо улс төрийн шахаагаар томилогдоод байж байдаг. Энэ бол улс төрийн хэт оролцоо гэж харагдаж байгаа. Иймд засаглалыг цэгцлэх, томилгоог эргэн харах. 

Хоёрдугаарт, УБТЗ-д үүсээд буй авлигын асуудал. Дээд шатных нь, ажил үүргийн хэлбэрээр холбоотой байдаг удирдлагуудыг яаралтай шалгаарай гэх шаардлага. Бид 2-3 жилийн өмнөөс вагон зарагдаж байгаа асуудлаар шүгэл үлээж, заримыг нь Авлигатай Тэмцэх Газарт өгөөд явж байсан. Гэтэл яг энэ асуудлаар хяналт тавьж байсан дарга нь мэдэхгүй гээд, ийм юм байдаг юм уу гээд сууж байна. Өөрөө хариуцлагагүй хандаж байгаагийн тод илрэл. Бүр тодорхой хэлбэл, албан тушаалын гэмт хэрэг.

Гуравдугаарт, вагон зардаг асуудлыг Монгол Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2-3 жилийн өмнө холбогдох газарт нь өгч байсан. Гэв гэнэт гараад ирсэн асуудал биш. Хэдэн жилийн өмнө л төмөр замаар тээгдэж буй экспортын нүүрсийг мөнгө болгож хувиргаад байгаа талаар бид удаа дараа ярьсан. Гэтэл энэ талаар ямар ч хариу ирдэггүй, шалгаж байгаа гэсэн зүйл л яригддаг байсан.

Дөрөвдүгээрт, УБТЗ ХНН болон Монгол Төмөр Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 2022-2023 оны хамтын гэрээний нэг зүйл заалт байгаа. Энэ нь цалингийн системийн шинэчлэлийг эхлүүлэх.

Тавдугаарт, ялгаварлан гадуурхах, аливаа төрлийн дарамт үзүүлэх асуудал төмөр замд арилахгүй байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулах, хамтран ажиллах.

Зургаадугаарт, УБТЗ-ын удирдлагын бүтэц данхайж байгааг анхаарах. Удирдах ажилтнуудын шинэ орон тоог ихээр нэмж байгаа хэр нь эгэл ажилтны орон тоог нэмэхгүй байгаа. Орон тоо шаардахаар өгдөггүй. Энэ асуудлыг эргэн харж, бүтцийн өөрчлөлтийг зоригтой хийх ёстой" гэлээ.

Мөн УБТЗ ХНН-д үүссэн асуудлуудын талаар тодруулсан асуултад тэрбээр "Бэлгийн сэдэлтэй дарамтууд, зарим нь бүр Хүний Эрхийн Үндэсний Комиссоор баталгаажсан байхад хүртэл арга хэмжээ авахгүй байх ч тохиолдол байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар АТГ-т гомдол гаргаж байсан. Тэгэхэд тэр хүнийг ажлаас халсан, гэхдээ нөгөө асуудлууд нь шийдэгдсэн эсэх нь мэдэгдээгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644162
2 эможи

keyboard_arrow_up