Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн албаны 79 жилийн ой өнөөдөр тохиож байна
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний албаны 79 жилийн ой өнөөдөр тохиож байна. Шүүх шинжилгээ нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа юм.
Тус алба нь хэргийн газрын үзлэгээр ул мөр илрүүлж, бэхжүүлэх, үзлэг шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дотоод явдлын яамны сайдын 1944 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын харьяанд "Шинжлэн магадлах техникийн тасаг" анх байгуулагдаж байсан бол Монгол Улсын Засгийн газрын 2005 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг байгуулж байжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Криминалистикийн алба нь гарын мөр, галт зэвсэг, бичиг баримт, дижитал судлал, авто техник, мөрсудлал гэсэн үндсэн зургаан шинжилгээний лабораторитойгоор улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Криминалистикийн шинжээч чиглэлээр хүний нөөцийг Дотоод хэргийн их сургууль, Оросын Холбооны Улсад Криминалистикийн шинжээч,шинжлэн магадлахуйн магистр, докторын хөтөлбөрөөр бэлтгэж байна.









