Г.Бямбадорж: Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ялгаварлан гадуурхах явдлаас ангид байх талаар тусгасан
Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Г.Бямбадоржтой ярилцлаа.
-Хууль зүйн докторын зэрэг хамгаалсанд танд баяр хүргэе. Та судалгааны ажлынхаа ач холбогдлын талаар манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?
-“Цагдаагийн байгууллагаас явуулах объектын болон субъектын судалгааг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь” сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгааллаа. Судалгааны ажлыг удирдсан хууль зүйн доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэ багшдаа болон шүүмжлэгч, хууль зүйн доктор (Ph.D), ДХИС-ийн Эмирет профессор Б.Пүрэв, хууль зүйн доктор (Ph.D), дэд профессор Ю.Бадамханд, Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, Цагдаа судлал профессорын баг, Цагдаагийн сургуулийн захирал, удирдлагын баг, Цагдаагийн эрх зүйн тэнхимийн эрдэмтэн багш нар болон шавь нартаа талархсанаа илэрхийлье.
Бидний судалгааны ажлын ач холбогдол нь цагдаагийн байгууллагын хэв журмын албанаас явуулж буй объектын болон субьектын судалгааны онол, үзэл баримтлалыг гүн ухаан, криминологи, криминалистик, хууль цаазын шинжлэх ухааны онолын үүднээс тайлбарлаж, түүнийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад объектын судалгааг үр дүнтэй ашиглах арга замыг тодорхойлж, судалгаа хийх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, объектын судалгаа хийх арга, аргачлалыг сайжруулах, мартагдсан сайн туршлагыг сэргээх, шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, ажилтан, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг ахиулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх гарц, арга замыг тодорхойлсноороо онол, практикийн ач холбогдолтой.
-Та судалгааны ажлынхаа зарим үр дүнгийн талаар товч дүгнэвэл?
-Судалгааны ажлын хүрээнд гадаадын зарим орны газар зүйн байршил, эрх зүйн аймаг, эрх зүйн зохицуулалтын онцлогийг харгалзан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Канад, Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Цагдаагийн албаны хууль тогтоомжийг харьцуулан судалсан. Түүний үр дүнд цаашид объектын болон субъектын судалгааг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн бүрдүүлэлт, түүний ашиглалтыг сайжруулах, харилцан мэдээлэл шуурхай солилцох тогтолцоог бүрдүүлж, цагдаагийн байгууллагын объектын болон субъектын судалгааг цахимжуулах шаардлагатай байгаа талаар шүүмжлэгч байгууллага санал нэг байгаа нь бидний судалгааны ажил үр дүнтэй болсныг харуулж байна.
Судалгааны ажлын үр дүнд субъектын судалгааны ерөнхий загвар, субъектын судалгааны судалвал зохих зүйлс, хариуцсан нутаг дэвсгэр, барилга, байгууламж, хуулийн этгээдийн судалвал зохих зүйлсийг тус тус боловсруулсан. Түүнчлэн, практик ажилтан, алба хаагчдын объектын болон субъектын судалгаа хийх үлгэрчилсэн загвар, объектын болон субъектийн судалгааны Patrol-2 цахим сангийн тогтолцоог боловсронгуй болгох хувилбарыг боловсруулж санал болголоо.
Эрх зүйн зохицуулалтын хувьд судалгаа, хяналтын тоо бүртгэл хөтлөх журамд объект, субъектын судалгааны цахим санд нэвтрэх хязгаарлалт тогтоох, субъектын судалгаанд авч судлах үндэслэл, судалгаанаас хасах үндэслэл зэргийг боловсруулсан нь хүний эрхийг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ялгаварлан гадуурхах явдлаас ангид байх талаар тусгасан чухал алхам болсон.









