Цагдаагийн ахмад Л.Батсүрэн: Хий гэж хэлэх, хийж үзүүлчихээд хийлгэх хоёр ТЭС ОНДОО

2023 оны 1 сарын 12

Arslan.mn

Дотоод хэргийн их сургуулийн 2022 оны “Тэргүүний дамжааны захирагч-багш”-аар шалгарсан Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дамжааны захирагч-багш, цагдаагийн ахмад Л.Батсүрэнтэй ярилцлаа.

-Цагдаа болох нь таны багын мөрөөдөл байв уу, санамсаргүй тохиолдол байв уу?

-Би Шүүх яамны сайд, арвантавны цагдаагийн анхны дарга Магсархурцын Дугаржавын үр удам. Манай ээжийн талынхан цэрэг, цагдаагийн хүмүүс байдаг. Мөрдэс зүүгээд эх орныхоо төлөө зүтгэх бахархлыг багаасаа харж өссөн болохоор цагдаа болохыг мөрөөддөг байлаа. Сурагч байхдаа сургуулийнхаа болон Баянзүрх дүүргийн “Өсвөрийн цагдаа” клубын ахлагчаар цөөнгүй ажил ажиллаж, турник дээр суниах, гүйх гэх мэтээр бие бялдар, сэтгэхүй талаасаа цагдаа болоход өөрийгөө бэлтгэх гэж их хичээдэг байсан. Дунд сургуулиа төгсөөд эр хүний бахархал болсон хугацаат цэргийн албанд мордож, дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хааж байх үедээ турник дээр 360 удаа сонс эргэж, Монгол Улсын рекорд тогтоож, мөн хүн амины хэрэг илрүүлээд сургуульд сурах эрхийн бичгээр шагнуулсан. Өөрөөр хэлбэл, одонт хороонд 6 сар хугацаат цэргийн алба хааж, үргэлжлүүлэн энэ сургуулийн цагдаа дамжаанд 6 сар суралцсан.

-Цагдаа дамжаагаа төгсөөд сургуульдаа хуваарилагдсан уу?

-Цагдаа дамжаанд суралцаж байх үедээ сургуулийн үлээвэр хөгжмийн хамтлагт нарийн бүрээ тоглодог байсан. Цэргээс халагдаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст томилогдоход Их сургуульд жагсаалын даргаар үлдэх санал тавьсныг хүлээн авснаар өдгөө 15 дахь жилдээ ажиллаж байна.

-Та манай сургуулийн оны тэргүүнээр цөөнгүй удаа шалгарч байсан юм билээ. Удаа дараалан оны тэргүүнээр шалгарсан нь юутай холбоотой вэ?

-Би Их сургуулийн жагсаалын даргаар 6 жил ажилласан. Энэ хугацаанд тэргүүний ахлагчаар 5 жил шалгарсан. Мөн бүрэлдэхүүн сургуулийнхаа болон сургалтын төвийн тэргүүний ахлагч, тэргүүний салаа, тэргүүний офицероор ч хэд хэдэн удаа шалгарч байлаа. Би ажилдаа ганц л зүйлийг эрхэмлэдэг. Өөрөө гүйж чадахгүй байж хүүхдүүдийг гүй гэж шаардах эрх байхгүй. Өөрөө алхаж гишгэж чадахгүй байж цэргийн хэргийн хичээл заана гэдэг байж болохгүй асуудал. Миний тэргүүнд тавьдаг зарчим бол өөрөө үлгэрлэе, хийж үзүүлье, манлайлъя. Хий гээд хэлэх, хийж үзүүлчихээд хийлгэх хоёр хоорондоо тэс ондоо. Надад нэг сайн чанар байдаг. Тааралдсан юм болгоныг сурахыг хичээдэг. Энэ жил волейбол тоглоод сурчихлаа. Сурахыг хүссэн зүйлдээ сэтгэлээ зориулж сурч чаддаг.

-Та дамжааны захирагч-багшаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Энэ ажлын онцлог нь юу вэ?

-Би 2013 онд Энх-Орчлон дээд сургуулийг төгсөж, Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багшаар томилогдсоноос хойш 9 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Дамжааны захирагч-багшийн үндсэн үүрэг бол цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, хүүхдүүдийнхээ бие бялдрыг хөгжүүлэх явдал юм. Би энэ үүргээ гүйцэтгэж, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай албан хаагч бэлтгэхээс гадна бусдыг хүндэлдэг, нэгнийгээ ойлгодог, зөв сэтгэхүй, хандлагатай болгох юм сан гэж их хичээдэг. Жишээлбэл, ядаж л үйлчлэгч нарын угаасан шалан дээр шавартай гуталтай гарахаас ичдэг, ажлыг нь хүндэлдэг байгаасай. Тиймдээ ч “Хүмүүний хамгийн том албан тушаал бол хүн байх” гэдэг Л.Түдэв гуайн үгийг өглөө, оройны нэгдэлт бүр дээр хэлүүлдэг. Ямар ч албан тушаал дээр очсон хүн чанартай, ерөөсөө хүн л байх хэрэгтэй.

-Сонсогч, суралцагчидтайгаа хамтран сайн үйлсийн аян зохион байгуулдаг нь цаанаа их л учиртай байх нь ээ.

-Би 2013 оноос хойш сонсогч, суралцагчидтайгаа хамтран сайн үйлсийн аян хийж байна. Энэ хугацаанд өрх толгойлсон 3 эмэгтэйг орон гэртэй болгосон. Тухайлбал, 2019 онд тэрэг түрдэг, 6 хүүхэдтэй, эгчийндээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэйг 2 өрөө байртай болгож, бүх хүүхдийг нь сургууль, цэцэрлэгт, өөрийг нь ажилд оруулсан. Одоо сайхан амьдарч байгаа. Цагдаа дамжааны хүүхдүүд сайн үйлсийн аян зохион байгуулахад би маш их дэмжиж оролцдог. Яагаад гэхээр хүнд туслахаар ямар сайхан гармон ялгардаг билээ, цагдаа болсныхоо дараа тэр сайхан мэдрэмжийг хайгаад хүнд туслаад яваасай гэж хүсдэг. Сайхан тусч цагдаа нар олон бий.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би өглөө 07.30 цагт ажилдаа ирдэг. Орой 16.00 цагаас 20.00 цаг хүртэл жагсаалын бэлтгэл хичээл орно. Сонсогч нартай ганцаарчилсан уулзалт хийсээр байтал 21.00 цаг болчихдог. Яг энэ хэмнэлээр 15 жил ажиллаж байна.

Манай төвийн Цэргийн алба, зохион байгуулалтын тэнхимээс бямба гаригт сонсогчдынхоо бие бялдрыг хөгжүүлэхэд чиглэсэн уралдаан тэмцээн, соёл, олон нийтийн ажил зохион байгуулдаг. Заримдаа жагсаалын бэлтгэл хичээл л орно. Манай Ахлагчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн онцлог нь маш богино хугацаанд ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэдэг. Богинохон хугацаанд мэргэжлийн мэдлэг, ур чадвартай албан хаагчийг бэлдэнэ гэдэг бол нөр их хөдөлмөр.

Манай эхнэр цагдаа хүн учраас миний ажлыг их ойлгож, дэмждэг. Ар гэртээ санаа зовох асуудал байдаггүй болохоор бүх л сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна даа.

-Энэ цаг наргүй их ажилдаа шантарч байсан тохиолдол танд бий юу?

-Амар ажил биш ч дурлаад ажиллаад байгаа нь сонсогчидтой минь холбоотой. Өглөө ороод ирэхэд 200 гаруй хүүхэд “Эрхэм ахмадын амрыг эрье” гээд л мэндчилэхэд, “Эрхэм ахмад баяртай” гэж хэлэхийг сонсоод л стресс, ядаргаа арилж, эрч хүчээр цалгидаг.

-Таны шавь нар торгон хилээ манах, хууль сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авран хамгаалах гээд төр, түмнийхээ бахархал болсон албадад хүчин зүтгэж байна. Нийт хэд орчим хүнд цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгосон бэ?

-Жагсаалын дарга хийж байснаасаа эхлээд тооцоход ойролцоогоор 13 мянга орчим хүн цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгосон. Энэ онд л гэхэд 19 дамжаа төгсгөсөн. Өөрөөр хэлбэл, 2022 онд 699 сонсогчид 988 цаг жагсаалын бэлтгэл, 190 цаг цэргийн хэргийн дүрмийн хичээл заасан байна. Манай ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багш нар онолын хичээл болон жагсаалын бэлтгэл ордгоороо бусад сургуулиус ялгаатай.

-Үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалтад суусан гэсэн үү?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдлаа. Ингэснээр цагдаа, батлан хамгаалах, онцгой байдлын салбарын төгсөгчдөөс жагсаалын бэлтгэл, цэргийн дүрмийн мэдлэгийн шалгалт авах эрхтэй, гэрчилгээтэй, анхны дамжааны захирагч-багш нарын нэг болсон.

-Цэргийн хүндэт медалиар хэзээ шагнуулсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Монгол цэргийн өдөр”-өөр буюу 31 насныхаа төрсөн өдрөөр “Цэргийн хүндэт медаль” гардаж авсандаа баяртай байдаг.

-Мэргэжил нэгт дамжааны захирагч-багш нартаа уриалах, зөвлөх зүйл байна уу?

-Хүнийг айлгаж, сандаргаж биш, хайр, талархлыг нь хүртэж, хүндлэгддэг цаг үе ирсэн байна. Шавь нартаа хүндлэгдэхийн тулд өөрөө үлгэр жишээ байх хэрэгтэй. Наад зах нь, хариуцсан хүүхдүүдийнхээ өмнө архи үнэртүүлээд ирэхэд л, өөрөө турник дээр суниаж чадахгүй, хүүхдүүдийнхээ хөлийг гүйцэхгүй байхад л тэр бүх хүндлэл байхгүй болно. Тиймээс ажлын байрандаа өөрөө тэнцдэг байцгаая, бие бялдар, мэдлэг, боловсролоо ямагт дээшлүүлэхийг эрмэлзье, шинэ үе буюу Z үеийн залуучуудынхаа зан араншинг судалж мэдье, сургахаа сургая, сурахаа ч суръя гэж уриалъя.

-Ярилцсанд баярлалаа. Таны сурган хүмүүжүүлэх их үйлсэд өндөр амжилт хүсье.

Дэслэгч Д.Дайрийжав

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644071
0 эможи

keyboard_arrow_up