Р.Эмүжин: Авилгачиддаа зориулсан хуулинд нь ардаараа бүдрэх юм байна л даа
Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Улсаа хорлож, ардаа тонож байна даа.
Авилгачиддаа зориулсан хуулинд нь ардаараа бүдрэх юм байна л даа. Хэрэв таны нэр дээр хашаа байшин юм уу зуслан, орон сууц, гарааш бүртгэлтэй бол аль нэгд нь татвар төлөхөөр хуульчилж, энэ оноос нэхэгдэж эхэлснийг анзаарсан уу?
100 сая төгрөгийн байртай хүн байрлалаасаа хамаарч жилдээ 600 000-1000 000 төгрөг хүртэлх татвар төлөх нь ээ. 10 жилийн дараа гэхэд 10 саяыг төлж, байрны үнэ бууна гэж бууралтталаа горьдох хэрэггүй боллоо. Орон байртай болох гэж он жилээр зүтгэнэ, зээл авна, зэлтэрт гацна. Зүтгэсээр байж өөрийн болгосны дараа татварт тарайж унатлаа дарлуулна. Энэ яг хаашаа зүглээд, юу руу яваад байна аа? Гурван жилийн өмнө бараг л 30-аад байртай нэгэн шүүгч асны тухай шуугиад өнгөрч байсныг санаж байна уу? Авилгачиддаа хяналт тогтоох гэсэн юм бол энэ улсын эдийн засгийг үүрч явдаг дундаж давхаргынхандаа халгаагүй байхаар тооцох байж дээ. Хотын төвлөрлийг сааруулах зорилготой юм бол хөдөө орон нутаг, хотын захын соёл боловсрол, зах зээл, эдийн засгийг эхлээд хөшүүрэгдэж хөгжүүлж байж хүнээ татна шүү. Түүнээс биш татвараар дарамтлаад шийдэгдэхгүй эээ. Далд эдийн засаг чинь л далбайтлаа томорч, далдайтлаа завхарна. Төсөв бүрдүүлэх арга юм бол ёстой төвөг л байна, албан тушаалтай 100 авилгачны төмөр шүүгээнд Монгол Улсын жилийн төсөв жирийтэл өрөөстэй хэвтэж байгаа даа, тэднийгээ л шалгаж хянаад, шалдлаад төсвөө босго гэмээр байна!
Энэ улсад үйлдвэрлэл явуулаад, бизнес хийгээд хүн амьдарч болдог хуулийн зохицуулалттай байсан бол мөнгөө хуримтлуулж байр аваад, тэрнийгээ түрээслүүлээд хэвтэж л байв гэж дээ. Иргэдээ аврах завь ч үгүй далайд шидчихээд сэлүүр өгөхийн оронд татвар нэхээд, живж үхэхийг нь жил сараар хүлээж суудаг болоо юу? Эсвэл Монгол Улсад монгол хүн амьдрах аргагүй болгох хэтийн санаа, алсын явуулга юм уу? Хуулиараа наадаад, хуу олноороо батлаад сууж байгаа Амахбаясгалан, Оюун-Эрдэнэ хоёр ер нь үнэнээ хэлчихвэл яасан юм бэ, газар нутгаа хоосолж, гадагшаа иргэдээ дүрвүүлж байгаад гадныханд өгнө гэсэн тохироо алсын зай, холын замдаа байна уу, үгүй юу? Үл хөдлөх хөрөнгөндөө албан татвар төлдөг улс орнууд чинь ард түмнийхээ амьдрах хөдөлмөрлөх эрхийг дээд зэргээр хангасан байдаг болохоос та нар шиг төсвийн луйварчид байдаггүй юм аа.
Яг өнөөдрийн нөхцөлд татварын дарамт бол ард түмнээ түймэрдэж, улсын эдийн засгаа уртын зайндаа хорлож байгаагаас өөрцгүй, өөр ямар ч шидгүй" гэжээ.









