СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын мөс цөмөрсний улмаас автомашин живж, зорчиж явсан 49 настай эрэгтэй нас баржээ
Нуурын мөсөн дээгүүр автомашинтай явж байхад мөс цөмөрсний улмаас автомашинтайгаа живж зорчиж явсан хүн нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цаг 24 минутад Сантын даваа гэх газарт “Нуурын мөсөн дээгүүр автомашинтай явж байхад мөс цөмөрч автомашин живж, зорчиж явсан хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад иргэн “Э” нь УАЗ Фургон маркийн тээврийн хэрэгслээр Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрч, зорчиж явсан 49 настай, эрэгтэй “Э” гэгч нь автомашинтай живж нас барсан, хамт зорчиж явсан 16 настай, эрэгтэй “Т” болон жолооч 50 настай, эрэгтэй “Э” нар нуурын уснаас гарсан, одоогоор биеийн байдал хэвийн байна.
Тус аймгийн Онцгой байдлын байгууллагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Иймд жолооч, зорчигч та бүхэн гол, нуур, цөөрмийн мөсөн дээгүүр зорчихгүй байх, замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, баталгаатай зам, гүүрээр зорчихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.









