Дотоодын цэргийн цалин, урамшуулал НЭМЭХИЙГ хуулийн төсөлд тусгажээ
Засгийн газраас энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийг өчигдөр /2022.12.22/ УИХ-ын чуулганд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг шинээр тусгасан байна. Үүнд:
- Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалтад “хот суурин дотор такси, үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” гэж,
- 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаж хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно” гэж,
- 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг дотоодын цэргийн албан хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг тусгасан байна.
Улсын онц чухал объектод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, объектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд нь шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, инженер техникийн хэрэгслийг нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилтийг авч ашиглах талаар зохицуулалтыг нэмж тусгасан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Мөнх-Оргил, Ж.Чинбүрэн, Н.Энхболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэллээ.
Гишүүдийн зүгээс дотоодын цэрэгт дэмжлэг үзүүлэх нь чухал асуудал гэдгийг онцлохын зэрэгцээ дотоодын цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хууль сахиулах, батлан хамгаалах салбарын нэгэн адил болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Мөн хуулийн төслийн 36.7-д дотоодын цэргийн алба хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсхүл хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэж байх үед Дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно.” гэж тусгасан шалтгааныг тодруулав.
Улмаар дотоодын цэргийн алба нь улсын бүх объектыг хамгаалах нь зөв шийдэл эсэх цаашлаад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хамгаалалтын байгууллагуудын ажлын байрыг булаах хандлага гарах вий гэдэгт болгоомжилж байлаа.
Салбарын сайд Х.Нямбаатар, хувийн хэвшилтэй ажлын байр булаалдмааргүй байна гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд “Бид хамгаалагч байгууллага буюу төрийн өмчит компаниудын хүсэлтийг үндэслээд дотоодын цэргийн 1-2 ангийг бүсчлэн байгуулахаар төлөвлөж байна. Харин дотоодын цэрэг бусад аж ахуйн нэгж, сүлжээ дэлгүүр зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудыг хамгаалахгүй. Гагцхүү нийтийг хамарсан эмх замбараагүй асуудал үүссэн нөхцөлд дотоодын цэрэг нэн шаардлагатай хүнс, болон олон нийтийн үйлчлүүлдэг цэг, салбаруудыг хамгаална” гэж байлаа.
Ингээд Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
|