Э.Золбоо: 8 хувийн хүүтэй зээлийг 6 руу шилжүүлбэл сард 600 мянгыг төлдөг иргэн 450 мянгыг төлнө
Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг бууруулах асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар оруулна гэж өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл Шадар сайдын ажлын хэсгийн хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо мэдээлэл өгөхдөө "Найман хувийн хүүтэй ипотекийн зээлтэй 64 мянган иргэн бий гэсэн тооцоо гарсан. Энэ иргэдийн зээлийн хүүг 6 хувь руу оруулахын тулд эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд төсвөөс ямар ч мөнгө гаргахгүй. Иргэдийн төлж байгаа төлбөрийг тодорхой хэмжээнд хөнгөлж болох юм байна.
Жишээлбэл, 8 хувийн зээлдэгч нар сард 600 мянгыг төлдөг бол 450 мянга болгон бууруулах талаар судалсан. Ажлын хэсэг энэ хоёр хувийг хаанаас хасах вэ? гэдэг дээр ажлын хэсэг ажиллаад 8 хувийн зээлийн бүрдлийн 4.5 хувь нь Монголбанкнаас байдаг. Эндээс 1.35 хувийг хасаад, Ипотекийн зээлийн эрсдэлийн санд төлж байгаа мөнгөнөөс 0.65 хувийг хасвал 2 хувь хасагдаж, зургаан хувь руу орох боломжтой юм байна гэж үзсэн" гэлээ.
Шадар сайдын зүгээс иргэдийн нуруун дээр ирж буй ипотекийн хүүгийн дарамтыг бууруулах боломжтой хэмээн бүх мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Иймд хүнд суртал гаргасан хүмүүст хариуцлага тооцож, бзх боломжит хувилбаруудыг явуулна гэдгээ мэдэгдэв.









