БХТ: Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх хуулийн этгээд СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
“Барилгын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51-р тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 213 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавих шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг тус тус үндэслэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонирхсон хуулийн этгээд дор дурдсан шаардлагын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 02-ны дотор мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх хуулийн этгээдэд тавигдах шаардлага:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн дотоодын хуулийн этгээд, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтад заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байртай /ажлын болон уулзалтын өрөө, архив, норм, нормативын баримт бичиг бүхий номын сан/ байх
- Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх чиглэл тус бүрээр 2-оос доошгүй орон тооны эксперттэй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх;
- Магадлал хийх ажлыг уялдуулан зохион байгуулах, удирдах туршлагатай орон тооны 2-оос доошгүй мэргэжлийн ажилтантай байх;
- Цахим мэдээллийн программ хангамжтай байх;
- Хараат бус бие даасан байдлыг хангах хариуцлагын тогтолцоо бүрдүүлсэн байх;
- Хуулийн этгээдийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх.
Мэдүүлгээ ирүүлж буй магадлал хийх эрх горилогч хуулийн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар; /нотариатаар баталгаажуулсан байх/
- Хуулийн этгээдийн танилцуулга;
- Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх чиглэл тус бүрээр 2-оос доошгүй эрх бүхий орон тооны экспертийн жагсаалт, экспертийн эрх олгосон баримт бичгийн хуулбар; /овог, нэр, регистрийн дугаар, мэргэжлийн зэргийн гэрчилгээний дугаарыг заавал тусгасан байна./
- Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх орон тооны эксперттэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, магадлал хийх ажлыг уялдуулан зохион байгуулах, удирдах туршлагатай орон тооны мэргэжлийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
- Бусад шаардлагыг нотолсон бусад баримт бичиг.
Хаяг: Оролцох хүсэлтэй хуулийн этгээдүүд Улаанбаатар хот, Их тойруу-1, Баруун дөрвөн зам, Барилгын хөгжлийн төв, 110 тоот өрөө, /нэг цэгийн үйлчилгээний өрөө/
Харилцах утас: 315239, 328097, 323022, 70115255
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хаягаар материалаа ирүүлнэ үү.