ГИХГ: Жагсаал, цуглаанд оролцсон гадаадын иргэдэд хууль биелүүлэхийг АНХААРУУЛАВ
Гадаадын иргэн, харьяатын газраас жагсаал, цуглаанд оролцсон гадаадын зарим иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сануулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өглөө.
Тодруулбал, Гадаад улсын нэр бүхий иргэд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан тул тухайн гадаадын иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас биечлэн сануулга өгч, хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг анхааруулж, зөвлөмж мэдээллийг өгөв.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.3-т Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Мөн 8.1.4-т Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэхийг хориглосон байдаг.
Иймд Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, аливаа улс төрийн шинжтэй жагсаал, цуглаанд оролцохгүй байх, мөн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цаашлаад Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг хуулийн зохицуулалттайг анхаарна уу.