Р.Эмүжин: Эх орныхоо төв талбайд эсгий гэрээ барих эрхгүй элэг эмтрэм Монгол минь!
Нийтлэлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Эх орныхоо төв талбайд эсгий гэрээ барих эрхгүй элэг эмтрэм Монгол минь!
Монгол хүн эрхтэй, хуулиараа хамгаалуулсан хүчтэй байх ёстой юм аа. Хүчирхэг монгол иргэн Монгол Улсыг омог бардам тодорхойлж амьдрах учиртай юм. Гэтэл бид эрхээ алдсаар л байгаа, бидний эрхийг хуулийн нэрээр хулгайлсаар байгаа. Хүчгүй, сул дорой, хийсэн болгон нь алдаа, алхсан болгон нь гэмт хэрэг рүү түлхдэг байхаар өөрчлөн найруулсаар ирлээ.
Одоо хар даа. Жагсаал цуглаан зохион байгуулахын тулд дүүргийн Засаг дарга, хотын захирагч гээд толгойтой, албатай болгонд бөхөлзөж зөвшөөрөл авна. Зөвшөөрөл аваагүй бол хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд цагдаад дуудна, байцаана. Жагсаалын зорилго албан тушаалтны үзэл бодолд нийцэхгүй бол зөвшөөрөл олгохгүй. Тэгсэн одоо хэдийдээ ч юм монголчуудын цугларч дуу хоолойгоо өргөдөг Эзэн Чингисийн талбайд монгол гэр барихыг хуулиар хориглочихсон байна. Хууль зөрчих гээд байна гэж гөлөлзөөд залуусыг хэд хоног хүйтэн чулуун дээр хонууллаа.
Хэн энэ хуулийг баталсан юм, хэн монгол хүний эрхийг ингэтэл нь хассан юм. Хуулийн нэрээр өдрөөс өдөрт монголчуудыг гавлаж, дөнгөлж, эрхийг нь зөрчиж байдаг энэ үйлдэл бол эх орныг минь, эрх зүйт төрийг минь, эрх чөлөөт иргэдээс нь сэмхэн хулгайлж, чимээгүйхэн дээрэмдэж байгаа явдал билээ.
Хуулиудаа хулгайн замаар, хуйвалдаанаар өөрчилсөөр байгаад нэг л өдөр "Гэрээсээ гарахдаа, хаа нэг тийш зорчихдоо харъяа дүүргээсээ зөвшөөрөл авна" гээд зүйл заалт шургуулчихсан байвал яах уу? Үүнийг өнөө цагт дэлхий нийтээрээ "Аль нэгэн улс орныг тонон дээрэмдэх боловсон ажиллагаа" гэж орчуулж ойлгодог болсон. Ганц буу дуугаргалгүй, ганц сум гарздалгүй улс орныг урт хугацаандаа эзлэн авах арга бол иргэдийнх нь эрхийг энэ мэтээр хуулийн нэрээр хулгайлж хянах явдал юм. Жагсахдаа зөвшөөрөл авна, жагсаад хонохдоо тулбал гэрээ барьж галаа түлж дулаацах эрхгүй ядарсан монгол хүн та юу бодож байна? Надад бол төвдүүдийн бүх эрхийг хуулиар боомилж байгаад няц дарж эзэлсэн ямхын бодлого санаанд орж байна. Бэлчээр чөлөөлөх хууль баталж байгаад өвөрмонголчуудын газрыг дээрэмдэж, шахан тараасан чимхийн бодлого бодогдож байна.
Өнөө цагт танктай цэрэг орж ирэхгүй ээ, өнөө цагт хуулиар тоглож байгаад, бүхэл бүтэн улс орныг хулгайлж болдог болсон. Харж авцгаа, жагсах эрхээ зөвшөөрлөөр хязгаарлуулж, гэр барих эрхээ хуулиар хаалгасан өр өвдөм Монголыг минь! Хуульд гэр барихыг хориглосон учраас одоо автобус оруулж жагсагчдыг хонуулна гэнэ ээ. Тэр хүйтэн төмөр автобусанд нь суугаагаараа хөших уу, босоогоороо хөлдөх үү? Эх орныхоо төв талбайд эсгий гэрээ ч барих эрхгүй элэг эмтрэм монголчууд минь, юу бодож байна даа? /Жагсаал цуглаан хийх тухай хуульд 2006 онд оруулсан өөрчлөлтөөр гэр барихыг хориглосон байна/" гэжээ.









