Л.Даваасүрэн: Гарал үүслийн гэрчилгээг цахимаар авдаг болсноороо 1.400.000 орчим гэрчилгээг бичсэн
Цагдаагийн байгууллагаас “Мал мах” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээ эхэлснээс хойш сарын хугацаанд улсын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 69 хэргийг илрүүлэн яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Л.Даваасүрэн "Мал эмнэлгийн ерөнхий газраас мал эмнэлгийн цахим гэрчилгээг улсын хэмжээнд 2019 оноос хэрэгжүүлээд 3 дахь жилдээ нэвтрээд явж байна. Гарал үүслийн гэрчилгээг цахимаар авч болдог болсноороо өнөөдрийн байдлаар 1.400.000 орчим гэрчилгээг бичсэн байна.
Ямар шалтгаанаар гэрчилгээг авдаг вэ гэхээр малын шилжилт хөдөлгөөн хийх үед мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг баталгаажуулж өгч байгаа юм. Ингэснээр тухайн малыг эрүүл аюулгүй, ямар нэгэн гоц халдварт өвчин гараагүй, малын хулгай биш гэдгийг нотолж байгаа юм.
Иргэн, аж ахуй нэгж, байгууллага төв суурин газарт худалдаалах зорилгоор бэлтгэн нийлүүлж байгаа мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнд Мал эмнэлгийн байгууллагаас гэрчилгээг авч цахим санд бүртгүүлсний үндсэн дээр тээвэрлэх, тээврийн хэрэгслийн жолооч мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ мал эмнэлгийн гэрчилгээтэй эсэхийг шалгасны үндсэн дээр тээвэрлэх үүрэгтэй" гэлээ.









