НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН БОЛОН ХҮН АМЫН САНГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2022 оны 6 сарын 02

Arslan.mn

Өнөөдөр /2022.06.02/ "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч К.К.Эваристе, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн К.Шарифи нартай уулзав.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч,  Хүн амын сангийн тэргүүн нар тус тусын Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулсан. Түүний дараа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийн газрын эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаа “Эрдэнэс Монгол” ХХК-тай алсын хараа бүхий түншлэл сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломж, чиглэл, үйл ажиллагааны талаар танилцуулж талууд харилцан санал солилцсон юм.

НҮБ-ын  Хүн амын сан нь охид, эмэгтэйчүүд, залуучуудын хөгжил, жендерийн тэгш байдал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү ажилладаг бол  Хүүхдийн сан нь бага насны хүүхдэд зориулсан цогц хөтөлбөр,  залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, орчны эрүүл мэнд, дижитал эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэндийн онц байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төсөл, орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт агаарын бохирдлыг бууруулах, хилийн боомтуудад мобайл клиник буюу зөөврийн эрүүл мэндийн байгууламж суурилуулах зэрэг олон хөтөлбөрүүдийг үндэсний болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлдэг байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ний Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан уулзалтын төгсгөлд “НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзан хамтын ажиллагааны чиглэлээр ярилцаж байгаадаа баяртай байна. Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд 4000 орчим хүн ажилладаг. Мөн манай компанийн мэдэлд байдаг Гашуун сухайт авто зам дээр хувийн хэвшлийн 17-20 мянган хүн ажиллаж байна.  Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн сан болон  Хүн амын сантай хамтран ажиллаж нийгэмд тустай олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр хамтран ажиллах хэрэгцээ шаардлага их бий. Нийгмийн хариуцлагын хүрээнд бидний хийх ёстой чухал ажлын нэг нь хувийн хэвшилд харъяалагддаг ч Гашуун сухайтын зам дээр ажиллаж буй жолооч тээвэрчдийн асуудал юм. Тэдний эрүүл мэнд болоод нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр хамтраад ажиллах бүрэн боломжтой.  Мөн уул уурхайн салбарт ажиллаж буй уурхайчдын ар гэр лүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг ч хийх шаардлагатай байна. Бидний хамтраад хийж хэрэгжүүлсэн ажил нийгэмд эерэг нөлөө үзүүлж байх нь чухал. Дараа дараагийн уулзалтаар ямар чиглэлд хэрхэн хамтран ажиллах талаар илүү дэлгэрэнгүй ярилцаж тодорхой үр дүнд хүрсэн ажлыг эхлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643154
0 эможи

keyboard_arrow_up