П.Батчимэг: Ч.Ундрам гишүүн Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн маргаантай асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа.
Тэрбээр өчигдөр NTV телевизийн "Улаан Бал" ярилцлагын нэвтрүүлэгт орж, хувийн амьдрал болон албан ажлынхаа талаар ярьжээ.
Нэвтрүүлгийн үеэр УИХ-ын гишүүний хувиар та өөрийгөө ёс зүйн асуудалд орсон гэж боддог уу? гэсэн сэтгүүлчийн асуултад "Би өөрийнхөө гэрт, өөрийнхөө нөхөрт уйлаад бухимдлаа гаргаж байгаа нь ёс зүйн асуудал юмуу.
Би төрийн ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчхаагүй, зодоон хийгээгүй. Төрийн мөнгөнөөс хулгай хийгээгүй. Би ямар ёс зүйн асуудал гаргасан юм бэ. Ард түмэн яагаад миний хувийн асуудалд анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм. Тэр олон хулгайч нарт анхаарлаа чиглүүл л дээ" гэж хариулсан нь олны анхаарлыг татаад байна.
Тодруулбал УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн дүү П.Батчимэг уг нэвтрүүлгийг үзээд "Хуулийн байгууллага одоо уг ярилцлагад анхаарлаа хандуулж, төрийн ордонд болсон санаатай, зохион байгуулалттай уг “аллага”-ын талаар олон нийтэд мэдээлэл өгөх нь үнэнд нийцтэй.
Ч.Ундрам гишүүн 2019 оны тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордонд үйлдэгдсэн ноцтой хүн амины хэргийг үйлдсэн “эзнийг” мэдээд яриад байгаа бус уу" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд таалал төгссөн харамсалтай явдал болсон билээ.