Д.Батхуяг : Эрүүл мэндийн үйлчилгээ, үзлэг хийсэн магадалгааг үндэслэн гэрчилгээ бичдэг учраас иргэд эрүүл бус малын мах хэрэглэх эрсдэл харьцангуй бага
Иргэд хаанаас ч малын мах худалдаж авахдаа эрүүл гэдэгт нь санаа зовохгүй авч болох эсэх талаар МЭЕГ-ын тархвар зүй, мэдээлэл судалгаа, статистикийн газрын дарга Д.Батхуяг мэдээлэл өглөө
Тэрбээр "Мал эмнэлгийн нэгдсэн системийг мал эмнэлгийн байгууллага хөгжүүлсэн. Өмнө нь гарал үүслийн гэрчилгээ гэдэг байсан бол мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар олгодог болсон. Тухайн багийг хариуцаж буй малын эмч тэнд антибиотик эмчилгээ хийсэн бол хориглох хугацаа дууссаны дараа гэрчилгээ бичиж байгаа. Бусад үйлчилгээ үзүүлсэн бол эрүүл мэндийн үзлэг хийсэн магадалгаа дээр үндэслээд гэрчилгээ бичиж байгаа учраас эрүүл бус малын мах хэрэглэх эрсдэл харьцангуй бага.
Мал эмнэлгийн гэрчилгээний системийг сайжруулах шаардлага бий юу гэвэл тийм. Гэхдээ ямар ч байсан баталгааг тодорхой хэмжээнд гаргадаг тогтолцоог бүрдүүлж чадсан.
Малын эмийг импортоор оруулж ирж буй аж ахуйн нэгжүүд Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгүүлдэг. Ингэхдээ тодорхой сорилт, дүгнэлт гарсны дараа эмийн зөвлөл хэлэлцээд тухайн эмийг хэрэглэх зааврыг баталдаг. Хэрэглэх заавар дээр тэрхүү эм малын биеэс ямар хугацааны дараа гадагшлах талаар тодорхой тусгаж өгдөг. Эмийнхээ хяналтыг жороор олгох, малын эмийг цахимаар худалдаж хянах асуудлыг мал эмнэлгийн байгууллага дээр ярьж байна. Тэгэхээр тухайн малчин малдаа хэзээ тариа хийсэн гэдгийг тодруулж байж мал эмнэлгийн гэрчилгээ бичих гээд дараагийн процесстой уялдаад явж байгаа" гэдгийг хэллээ.









