Р.Эмүжин: Хулгайчдын сүүлчийн оромж нь Тавантолгой...

2022 оны 12 сарын 01

Arslan.mn

Нийтлэгч, яруу найрагч Р. Эмүжин өөрийн цахим хуудаснаа  "Хулгайчдын сүүлчийн оромж нь Тавантолгой..."

Тавантолгойн орд газар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн JORC аргачлалаар тооцоход 7.4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. С.Баяр, С.Батболд нарын Засгийн газар 2009 онд Тавантолгойн 4.0 хувь болох Ухаа худаг буюу 460 орчим сая тонн нөөцтэй хэсгийг MCS грүппт өгч байлаа. Энэ явдал 10 гаруй жил маргаан дагуулсан хэдий ч өдгөө Энержи ресурс компани төрд жил бүр 180-200 тэрбумын татвар төлдөг, нүүрс угаах үйлдвэртэй, олон улсын бирж дээр IPO гаргасан, гадаад дотоодын хяналттай компани боллоо.

Гэтэл нөгөө талд нь Тавантолгойн үлдсэн дөрвөн үндсэн хэсэг хаачив аа гэсэн асуулт гарч ирнэ. С.Батболдын Засгийн газрын үед Тавантолгойн орд газрыг эргэлтэнд оруулах үүрэг хүлээн ажиллаж байсан шадар сайд Н.Алтанхуяг Элбэгдоржийн шахалтаар, нүүрсний хэргээр засаг дамнан шалгагдаад сураггүй болсон. Ж.Эрдэнэбатын үед Хятадын компанид давуу эрхээр, гэрээ төдийгөөр өгөх гэж байхад нь тухайн үеийн УИХ-д байсан уул уурхайн мэдлэгтэй ганц гишүүн Ц.Гарамжав "Та нар тэрбум тонн гэж юу байдгийг мэдэх үү, Тавантолгойн орд газрын баялгийг тоон ухаанаар хэмжиж үзсэн үү, монголчуудыг 100 байтугай жил тэжээх орд газрыг үнэлээд зарчихна, өгчихнө гэж байдаггүй юм, үнэ цэнийг нь бид биш, Монголын хөгжил нэг зуундаа тодорхойлно" гэж цээжээрээ хамгаалаад уг төслийг нь унагааж байлаа. Үүнийхээ төлөө Ц.Гарамжав их ч ад болсон доо.

За ингэж байтал Тавантолгойг С.Баяр, Ц.Элбэгдорж нараас гуйж явсан Баттулга Ерөнхийлөгч болдог юм. Энэ хүн Зам тээврийн сайд зэрэг албанд 12 жил шигдэхдээ төмөр зам тавиулахгүй гэж төөрдөг үлгэр зохиогоод Монголын хөгжлийг даруй 12 жилээр уясныг бүгд мэднэ, бүр одоо ч бид өргөн, нарийн царигийн ялгаанаас болж мухардан хохирсоор байгаа. Нүүрсээ хил хүргээд, тэндээ буулгаж ачих гэж хугацаа их алддаг гээд асуудал өчнөөн үлдсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газраас М.Энхсайханыг томилж, тэрээр Тавантолгойн мега төсөлд Японы Сумитомо тэргүүтэй грүппийг оролцуулан шалгаруулах гэж байсных нь төлөө бас л манай нөгөө Женко бариад хорьчихлоо.

Женко Ерөнхийлөгч байхдаа Уул уурхайн сайдаар өөрийн хүн гэх Сумъяабазарыг тавиулж, нүүрсний квотыг бизнес болгож эхэлсэн гэдэг. Тэр үед Тавантолгой гэж дуугарсан, Тавантолгойг сонирхсон бүхэн ямар нэгэн байдлаар хэрэгт ордог байлаа, аргагүй Женко Монголын гэхээсээ илүү, Тавантолгойн хаан, заан байлаа. Хятадууд уул уурхайн сайдын өрөө рүү цүнх цүнхээр нь мөнгө зөөж байж Монголоос нүүрс авах эрхтэй болдог, тэр мөнгө орой нь хэний өрөөнд хүргэгддэг байсан тухай зөндөө яриа байдаг, хардах эрхээ ард түмэн эдлэх л ёстой. Сумъяабазарт хятадууд хэдэн ч гэнэ үү ачааны машин бэлэглэсэн гээд өмнийн говиор яригддаг домог дуусахгүй. Тавантолгойн орд газрыг ийнхүү Монголын үе үеийн Засгийн газар эргэлтэнд оруулах даацтай алхам хийсэнгүй, харин төрд гарч, эзэнгүй Тавантолгойд эзэн суух өрсөлдөөнд гуяа алгадаад мордоцгоосон. Төрийн эрх барихын төлөө биш, Тавантолгойгоос асар их мөнгө хүүлэхийн төлөө өрсөлдөөн гээд хэлчихэд ер буруудахгүй. Энэ бүх будлиан дундуур Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа 200 шахам мянган тонн нүүрс ганц шөнийн дотор хулгайлсан хэрэг дэгдэж, тэр нь задрах гэж айлгаад, мань хүн албанаасаа бууж байлаа. Ажнай Бат-Эрдэнэ гэдэг хүн албан бусаар Тавантолгойг 20-оод жил эзэгнэн сууж, аман дээрээс нь дундад зууны үеийн аргаар арилжиж хөлжөөд удлаа. Сураг сонсвол газрын эзэн феодал юм гэсэн.

Энэ мэтээр төр эзэмшдэг нэртэй, эзэнгүй Тавантолгойг хэн хүнгүй цөлмөж ирэв. Орчин үеийн уул уурхайн жишгээр IPO гаргаад, хяналттайгаар ашиглахыг хэн ч хүссэнгүй. Ингээд 30 жил өнгөрөхөд томоохон хулгайн хэрэг чих дэлслээ. Саяхнаас 6.9 сая тонн нүүрс алга болсон талаар шуугиж байна. Приус машины дугаар тавьсан том тэрэгнүүд тойрч зогсоод, ачаад хилээр гарсан л гэлцэж байна. Улсын Ерөнхий прокуророос Хятад, Монгол хоёр улсын прокурорын байгууллагууд хамтран шалгая гэсэн албан бичиг Засгийн газарт хүргүүллээ. Харж л байя, хаацайлаад өнгөрөх нь үү, хамтраад шалгах нь уу?

Эцэст нь хэлэхэд Тавантолгойг олон улсын том корпорациудтай хамтран олборлож, нээлттэй IPO гаргаж, түүнээсээ албан ёсоор монголчууддаа тодорхой хэсгийг нь үнэгүй авдарлуулж, энэ тухайгаа дэлхийд зарласан цагт л бид хяналттай боллоо гэж итгэх боломжтой. Өөрөөр бол манай төрийн хулгайчдын сүүлчийн оромж нь үнэндээ бол Тавантолгой шүү дээ" гэжээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642906
2 эможи

keyboard_arrow_up