Дархан-Уул аймаг долоо хоног бүрийн баасан гаргийг “АРХИГҮЙ ӨДӨР“ болгоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигт тусгагдсан архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хорт зуршлаас ангид байж шинэ үеийг төлөвшүүлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас “Намайг алгас” нөлөөллийн аяныг эхлүүлсэн.
Сар гаруй хугацаанд үргэлжлэх энэхүү аяныг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас эрчимжүүлж архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААНБ-уудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтаар долоо хоног бүрийн баасан гаргийг архигүй өдөр болгох саналыг дэвшүүлж хамтран ажиллах хүсэлт өгсөн аж. Уулзалтад оролцсон ААНБ-ын төлөөлөл дэмжин ажиллахаа илэрхийлж нөлөөллийн аянд амжилт хүслээ.