Шөнийн эргүүлийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан 2 иргэнийг ОЛЖ ТОГТООЖЭЭ
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтэс тогтмол хяналт, шалгалт хийн, иргэдийн амар тайван байдлын төлөө ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд манай сурвалжлах баг өчигдөр буюу 11 дүгээр сарын 18-аас 19-ний шилжих шөнө Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар сурвалжиллаа.
Өнгөрсөн шөнийн хувьд нийт 5 чиглэлд 10 алба хаагч нохойт эргүүлд, 30 чиглэлд 60 алба хаагч явганаар үүрэг гүйцэтгэн ажилжээ. Энэ хугацаанд эрэн сурвалжлагдаж байсан 2 иргэнийг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүнийг үйлдэл дээр нь зогсоожээ.
Харин олон нийтийн газарт зөрчил гаргасан 19 иргэнд хариуцлага тооцон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Өнгөрсөн шөнийн хувьд цас ихээр орсон тул хөдөлгөөний нөхцөл байдал амаргүй хүнд байлаа. Шөнийн эргүүлийн хэлтсээс хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Дахин сэрэмжлье" арга хэмжээг хэрэгжүүлж, энэ хүрээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын багаажийг шалгах, нохойт эргүүл ажиллуулах, хориот ангийн шалгалт зэргийг зэрэг хийдэг талаар Урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан Г.Анхбаяр хэлж байв.
Сүүлийн үед хулгайн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ тал дээр нэмэлт хяналт шалгалтыг эрчимжүүлж байгаа аж.
Шөнийн эргүүлийн хэлтсийн хувьд үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мото, морьт, нохой, явган эргүүл гэсэн чиглэлээр эргүүлийн үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг аж. Хүйтний улиралд явган болон нохойт эргүүлийг тогтмол зохион байгуулдаг байна.