19 тэрбум төгрөгийн дугуйны тендерийг ингэж хайнга хийдэг юм уу “Эрдэнэт үйлдвэрийнхэн“
Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа өдөр тутам тасалдалгүй хэвийн явагдах ёстой. Энэхүү үйл ажиллагааг хангахын тулд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, шаардлагатай бол хуульд зааснаар тендер зарладаг. Харин зарим нэг үйл ажиллагаа нь учир дутагдалтай явагддаг бололтой. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр яаралтайгаар, бэлэн байгаа хүнд даацын 33.00R51 дугуй худалдан авах 19 380 000 000 /арван есөн тэрбум гурван зуун наян сая төгрөг/ төгрөгийн тендер 2022-11-04-ны өдөр нээлттэйгээр зарласан.
Улмаар тендер оролцогчдоос нэмэлт мэдээлэл шаардаж тухайн байгууллагууд дугуй үнэхээр бэлэн байгаа эсэх, байгаа бол зураг бичлэгийг илгээ гэсэн “үүрэг даалгавар” өгсөн байгаа юм. Уг нь яаралтай, бэлэн дугуй худалдан авах тендер болохоор гэрэл зураг болон бичлэгийн баримтыг оролцогчдоос нэхэх бус харин өөрсдөө түргэн шуурхай шалгах нь зүйд нийцмээр.
Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авах газрынхан сэтгэл дутсан уу? Оролцогч байгууллагуудад итгэсэн үү? Аль нэг байгууллагыг ялуулахын тулд бодит байдлыг нуусан бололтой бодит дугуй байгаа эсэхийг шалгасангүй.
Яагаад шалгаагүй эсэхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын худалдан авах газрын дарга Энмандахаас тодруулахад: “Тендерт оролцсон байгууллагуудаас материал ирүүлсэн. Харин өөрөө очиж шалгаагүй гэдэгт хардах эрхтэй болохоор хардаж болно.” гэв
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2020, 2021 онуудад тус бүр гурван удаа тендер зарласан боловч ялагчаа тодруулж чадаагүй. Улмаар дөрөв дахь удаагаа гэрээлэн худалдан авалт хийчихсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл хуулийн цоорхойгоор нэг компанийг хоёр жил дараалан ялуулсан. Энэ жил гурав дахь удаагаа ялуулахаар “санаархаж” байж болзошгүй байгаа юм.
Төсвийн мөнгө дуусдаггүй гэсэн үзлээр удаа дараа нэг л байгууллагыг ялуулж байж болзошгүй энэхүү хардлага дагуулсан тендерийн талаар бид эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: tac.mn
|