С.Тайван: Өнөөдрөөс эхлэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “UNSEND-БҮҮ ШИЛЖҮҮЛ” аяныг эхлүүллээ
Цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтарсан мэдээллийг өнөөдөр хийлээ.
Гэмт хэргийн талаарх нөхцөл байдлын тухайд гэвэл цагдаагийн байгууллагад энэ оны арван сарын байдлаар 30 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэнээс 32.8 хувь буюу 10 мянга орчим залилах гэмт хэрэг болохыг Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хошууч н.Билгүүтэй хэлэв.
Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван "Цахим залилангийн гэмт хэрэг өсөж буйтай холбоотойгоор ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбоо хамтран арваннэгдүгээр сарын 14-29-ний хооронд “UNSEND-Бүү шилжүүл” уриатай аяныг зохион байгуулж байна.
Энэ төрлийн гэмт хэргийг судалгаанд авч үзэхээр хохирогчид бусад руу нууц үгээ шилжүүлээд, фэйсбүүкийн хаягаа алдаж байна. Ийнхүү тухайн хүний гэр бүл, найз нөхөд нь бичиж буй мэтээр болон урьдчилгаа төлбөр шилжүүлэх байдлаар мөнгөө залилуулж байгаа үндсэн хоёр түгээмэл тохиолдол байна.
Таны гар утсанд ирж байгаа үсэг тооны хослолоос бүрдсэн нууц үг нь таны гэрийн түлхүүртэй адилхан. Бүх нууц кодоо нууцална уу. Мөнгө шилжүүлэх гэж байгаа бол баталгааг нь давхар шалгахыг анхааруулж байна" гэв.









