ХЭРЭГ: 30 жил гэр бүлээ хүчирхийлсэн эрэгтэйд 21 сар хорих ял оноожээ
Шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр, хүү, зээ охиноо нараа үргэлжийн айдас дунд амьдруулдаг 69 настай, иргэн Ц-т шүүхээс 1.9 жилийн хорих ял оноосон байна.
Хохирогч, гэргий Э нь “… 2022 оны 5 дугаар сард “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, индүүний залгуураар ороолгон биед нь халдсан” гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Ц гэр бүлийн хүрээнд хүчирхийллийг өдөр бүр үйлддэг, эхнэрийнхээ биед халддаг, хуваарьт болон дундын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг нь зөрчдөг болох нь тогтоогджээ. Улмаар энэ байдал 30 жил үргэлжилж байгааг гэр бүлийнхэн нь мэдүүлжээ.
Иргэн Ц өмнө нь шүүхийн шийдвэрээр гурван удаа баривчлах арга хэмжээ, 5 удаа зөрчлийн буюу торгуулийн арга хэмжээгээр шийтгүүлсэн байжээ.
Харин энэ удаад эхнэр Э-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч “гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг хийгээгүй, өмнө нь гаргасан үйлдлүүд дээрээ хуулийн хариуцлагаа нэгэнт хүлээсэн, гэм буруугүй” гэж маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж, шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”, түүнчлэн хүчирхийллийн шинжтэй, харгис догшин өдөр тутмын байнгын үйлдлүүдэд нь дүгнэлт хийж, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настай хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоожээ.









