Л.Н.Гумилев: Би Монголын түүхийг бичээгүй, монголчууд өөрийнхөө түүхийг биччихсэн юм
Лев Гумилев гэдэг агуу эрдэмтний нэрийг дуулаагүй монгол хүн байхгүй гэж хэлж болно. Түүний ихэнх бүтээлүүд монгол хэл дээр хэвлэгдэн гарсан нь олзуурхууштай. Гэхдээ сэхээтний дээд давхрагын төлөөлөл гэж өөрийгөө боддог хүмүүстэй ярилцаж байхад түүний бүтээл,туурвилуудыг уншсан, тэдний сонирхолыг нь татсан хүнтэй бараг тааралдаж байгаагүй. Нийтлэг байдлаараа монгол цусны гаралтай, монголчуудад хайртай гэх мэтийн наад захын төсөөллөөс хальдаггүй. Монголынхоо алдартай «Нууц товчоо»-гоо бүрэн уншиж, бахархаж, түүх-соёлын агуу бүтээл, ийм бүтээлийг туурвисан хүмүүс яаж «зэрлэг бүдүүлэг» байх гэж ойлгосон хүнтэй ч тааралдаж байгаагүй гэвэл хэлсдэхгүй.
Энэ нь өөрийнхөө эх орныхоо түүхэнд маш өнгөц хандаж, дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан гэдгээрээ сэтгэл хангалуун байдгаас хэтрэхгүй байгаа нь боловсролын суурь дэвсгэр сул дорой, дэлхийн түүх, соёлын талаар маш өнгөц мэдлэгтэй, түүнийг сонирхдоггүй, оюун санаагаа хөгжүүлэх сонирхолгүй байдгыг гэрчилдэг бөгөөд сэхээтний давхрага гэдэг зүйл бол маш ядмаг болохыг тод томруунаар харуулдаг. Манайх шиг жижиг улсад өөрийнхөө тусгаар тогтнолыг бүх л чиглэлээр хамгаалахад түүхийн ээдрээтэй, бахархалтай, сургамжтэй асуудлуудыг шинжлэх хуаан түвшинд мэдэж байх нь хамгийн чухал болно. Нөгөө талаас Монголын түүхийг дэлхийн төвшинд маш зөвөөр хүлээн авах уур амьсгалын бүрдүүлэхэд хүн болгон идэвхтэй оролцдог байх нь чухал. Чухам иймд Гумилев гэдэг хүн монголчуудын хувьд хэн болох талаар ахин нэг сануулах үүднээс энэхүү нийтлэлийг бичив.
Тэрээр Евразийн нүүдэлчдийн түүхийг шинжлэх ухааны түвшинд анх удаа гаргаж тавихдаа дэлхий нийтээр хүндэтгэлтэй ханддаг эртний олон эзэнт гүрнүүд болон угсаатнуудын түүх-соёлоос дутуугүй, зарим талаар давуутай байсан гэдгийг шинжлэх ухааны түвшинд батлан нотолсон юм. Учир нь евроцентризм буюу ”европ төвт”үзэл гэдэг дээрэнгүй үзэл нь IX зуунд анх үүсч, улмаар дэлхийн аливаа түүх, соёл, хөгжил-цэцэглэлтүүдийг зөвхөн энэхүү үзэл суртлын дурангаар харж, өөрийнхөө дураар бусдыг эзлэн түрэмгийлж, боолчилж, колончилж, бусдыг дорд үзэх, харгис зэрлэгээр нь дуудах бодлого нь бараг мянган жил үргэлжилэхдээ евразийн нүүдэлчдийг дэлхийн хамгийн бүдүүлэг, зэрлэг, бараг хүн биш ард түмнүүд гэдэг ойлголтоос хандаж ирсэн байдаг.
Энэ нь ойлголт нь зөвхөн европчуудын нээлт биш аж. Гумилев гуайн хэлснээр энэхүү хандлага буюу “зэрлэг бүдүүлэг ард түмэн” гэдэг ойлголт нь дивэнгарваас үүдэлтэй, аливаа хүчирхжсэн улс , ард түмэн нь пассионарь түлхэцийнхээ эхэн үе болон хөгжлийнхөө өсөлтийн үе шатанд байхдаа бусад хаяа дэрлэсэн угсаатан, ард түмнүүдийг өөртэй нь ижил төсөөтэй бус хийгээд ахуй нөхцөл, биеэ авч явах байдал өөр болохоор “зэрлэгүүд” гэж үздэг байжээ. Энэ хандлагыг эртний Египет, Грек, Хятад, Римчууд болох ихээхэн түүхэн -соёлтой ард түмнүүд ч тойрч гараагүй байдаг аж. Гэхдээ энэхүү дээрэнгүй үзлээ европчууд буюу романо-германы цуллага нь төрийн бодлого болгож, мянган жилээр хэрэгжүүлсээр иржээ. Европчууд нь оросын ард түмнийг оролцуулаад Азийн бүх л ард түмнүүдийг зэрлэгүүд тул соёл, хөгжил цэцэглэл гэж байх ямар ч бололмжгүй гэж үздэг байжээ.
Хятадуудыг тэд ХХ зуун хүртэл евразийн ард түмнээс ч дорд үзэж байв. Европчууд нь дундад зуунаас эхлэн боолчлол, колончлолын бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, хөгжлийнхөө анхны капиталыг хуримтлуулснаас гадна XY зуунаас шашины ягшсан номлолын ойлголтоос хазайж, Сэргэн мандалтын эринг эхлүүлж, шинжлэх ухааны хөгжүүлж, үйлдвэржилтийг бүтээлчээр хэрэгжүүлснээс үнэхээр гайхалтай, давтагдашгүй соёл иргэншлийн цэцэглүүж чадсан нь Европ төвт үзлийг нь улам баталгаажуулж, өнөөг хүртэл энэхүү дээрэнгүй үзэл нь нь тулгын гурван чулууны нэг болсоор байгаа юм. Тэгэхлээр хүн төрөлхтөн нь XY зуунаас эхлэн тэдний хүлээн зөвшөөрсөн дэлхийн түүхээр амьсгалахаас өөр аргагүй байсан бөгөөд дэлхийн бусад улс орнууд түүнийг ямарч шүүмжллэгүйгээр хүлээн авдаг байсны дотор Оросын эзэнт гүрэн, ЗХУ болон ОХУ-ыг тойрч гарсангүй. Гэхдээ дэлхийн түүхийг тэд нэг их гажуудуулаагүй боловч, дээрэнгүй хандлага нь бүх л салбар чиглэлд нэвт шингэсэн байдаг гэхэд хэлсдэхгүй. Үүнийг хөндлөнгөөс буруутгаж болохгүй. Хамгийн гол нь дундад зуунд дэлхийн түүх, түүний хөдөлгөгч хүчин нь Ойрх дорнод болон Европ тивийн давцан дээр өрнөж байсан ч Евразийн өндөрлөгт угсаатны өрнөл, улс орны түүх, соёл нь тэднээс нэг их дутахааргүй эрчимтэй явагдаж ирсэн гэдгийг Л.Н.Гумилев анх гарган тавьжээ. Тэрээр Евразийн ард түмний түүхийн тулгын гурван чулуу нь хүннү, түрэг болон монголчууд байсан бөгөөд тэдний дундаас Монголын түүх нь дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлснийг бүх л талаар баталж нотолжээ.
Тэрээр Евразийн түүхийг Хүннүгээс Монголын эзэнт гүрнээр дамжуулан Оросын эзэнт гүрний үүсэж хөгжих хүртлэх түүхэн үйл явцуудыг авч үзэхдээ сонгомол түүхийн аргаас гадна шинжлэх ухааны нийлэгжилтийн уулзвар дээр пассионарь?/эрч хүчтэй/ шинэ онолын хүрээнд гарган тавьсан нь түүхчдийн нүд, чихийг бүлтийлгэж чадсан.
Хэдийгээр тэрээр европ төвт үзлийг анхнаасаа эсэргүйцэж, онолын хүрээнд үгүйсгэж байсан ч, түүний гол дайсан нь ЗХУ-ын түүх, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд болов. Учир нь ЗХУ-ын хувьд хуучин Чингис хааны байгуулсан Евразийн эзэнт гүрнийг бүрэн сэргээсэн ч,энэ нь Чингисийн үе залгамж болж харагдахаас гадна Оросын эзэнт гүрэн болон ЗХУ –ын техник технологи, хөгжлийн хоцрогдол нь чухамдаа Монголын "талхидалтай" холбоотой байсан гэдэгт бараг хүн болгон итгэдэг байсан юм. Нөгөө талаас Орос орон нь татарын маш хүнд "талхидаланд" байсан тул бусад Евразийн ард түмнүүд гэсэн ч түүнээс дор байсан нь мэдээж, харин агуу Орос орон л аварсан гэсэн далд санааг агуулж байв. Харин энэ нь ямар хуурамч болохыг тэрээр өөрийнхөө бүтээлүүдээр илэн далангүй баталж нотолсон юм. Чухамдаа Гумилев нь Евразийн түүхийг үнэн зөвөөр гарган тавьснаар дотоодынхоо эрдэмтэд, улс төрчдөд ад үзэгдэхээс гадна ард түмний хүрээнд эмзэг хүлээн авах суурийг тавьжээ.
Тэрээр Монголын түүхийн гажуудал нь дэлхийн түүхэнд урьд өмнө тохиож байгаагүйг онцолсон байдаг. Чухам ийм учраас түүний бүтээлүүд нь зөвхөн тодорхой сэхээтэн эрдэмтэд талархлыг хүлээж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Түүний Монголын түүхийн гажуудлуудыг засварласан наад захын үндэслэлүүдээс энэ удаа дурдья: Үүнд:
1. Монголын талхидалт Орост байгаагүй, харин ч цэрэг-улс төрийн холбоо байсан, учир нь монголчууд Оросыг эзлэх зорилго байгаагүй, хамгийн гол нь хаяа дэрлэсэн мэргэд, хэпчагуудыг устгах зорилгоор аян дайн явуулсан нь тэднийг половчууд нь өмөөрч, байлдаад ялагдахаараа, Орос руу ухран орж ирэхэд оросууд бас өмгөөлснөөр дайн өдөөгдөж, Оросыг эзлэх шалтгаан нь болсон. Хэдийгээр Орос орон Монголын эзэнт гүрэнд харьяат болсон ч харьцангүй бие даасан байдалтай байсан хийгээд харин ч түүнээс их хожиж гарсан юм. Тэрээр Монголчууд ирээгүй байхад оросуудад байлданы гавъяаны ялалт гэж бараг байгаагүй, чухамдаа Алтан ордны эршээлд орсноор, цаашилбал бараг 200 жилийн туршид урьд өмнөөс довтлох бусад нүүдэлчдийн байнгын довтолгооноос халхлагдаж, дотоодынхоо хүчийг хадгалж, хүч чадлаа сэлбэж, улмаар байлданы урлагт суралцснаар хүчирхэг Орос орны байгуулах таатай нөхцөл бүрэлдсэн гэж үздэг. Ийм учраас "дарлал-талхидалт" байгаагүй, тодорхой хэмжээний татвар төлж байсан нь аль улсад байдаг асуудал гэж үзжээ.
2. Монголын эрхшээлд орсноор зөвхөн урьд хөршүүдийнхээ байнгын довтолгооноос ангижирсан төдийгүй. Баруун европын зарласан загалмайтны аян дайныг өөрийнхөө зах хязгаарт зогсоож чадсан нь бас үнэлж баршгүй зүйл гэж үзжээ.
3. Орчин үеийн Орос орныг үндэслэгч А.Невский нь Бат хааны өргөмөл хүү байсан гэж анх удаа дуугарснаар оросын ард түмэнд хамгийн том цочирол нь болж, өөртөө маш олон дайсныг буй болгосон юм.. Түүхэн баримтаар бол үнэхээр тийм байсан бөгөөд Евразид улсуудын найрамдал нөхөрлөлийн харилцааг байгуулахдаа үнэнч байгаагаа илэрхийлж худ ураг болох,үр хүүхдээ үлдээх зэрэг дипломат зан үйлдлийн уламжлал нь байсныг тэд яаж мэдэхэв. Тэгээд ч оросын түүхчдэд нь XX зууны эхэн хүртэл европчуудын адилаар евразийн ард түмний түүх ч нэг их сонирхолтой байсангүй.Гэвч Батын хүү Сартаг, Невский хоёрын ахан дүүгийн барилдлага нь ирээдүйн Орос орныг бүрэлдэн тогтох үндэсийг маш ул суурьтай тавьсан аж.
4. Орчин үеийн орос орон нь Чингис хааны уламжлал, төрийн захион байгуулалт, байлдааны урлагыг хамгийн ихээр уламжлал авсан цорын ганц улс гэдгийг нотолж чадсан юм. Учир нь хан хүү Хубилай хууль бусаар төрийн эрхийг авч, Хятад улсыг бүрэн эзэлж авснааср нүүдэлчдийн уламжлал, Чингис хааны өв сангаас үндсэндээ татгалзасан. Энэ нь зөвхөн Алтан ордод үлдсэн бөгөөд Орос улс нь Алтан ордны мөрийг дэрлэж үүссэн гэжээ. Өнөөгийн эрдэмтэд нь үүнийг хүлээж авах болжээ
5. Өнөөг хүртэл маргаантай байдаг нэг асуудал бол Орос орон нь Европын соёл иргэшлийн хүрээнд хамарагддаг гэсэн уламжлалт ойлголтыг бас няцаасан юм. Тэрээр бид Византын соёлыг хүлээж авсан ч, Европын соёлын хүрээнд багтах ёсгүй. Бид Евразийн ард түмэнтэй түүхэн туршдаа нягт уяалдаатай амьдарч ирсэн бөгөөд төрийн зохион байгуулалт, цэрэг улс төрийн зохион байгуулалт, угсаатны сэтгэлзүйн хувьд яах аргагүй Евразийн ард түмэн бөгөөд Оросын соёл иргэншилд Византын соёл иргэшлээс дутахааргүй нөлөөлсөн. Евразийн ард түмнүүд болох , түрэг орос, монгол ард түмнүүдэд дээрэнгүй үзэл байдаггүй. Иймд Орос орон нь Евразийн бие даасан соёл иргэншил бөгөөд Евразийн ард түмний хэт угсаатны томоохон бүрэлдэхүүн тул Монголын дарлал гэж ярих нь утгагүй гэх мэт дүгнэлтийг хийсэн нь түүхчдийн хийгээд оросын ард түмний гайхшралын төрүүлэв.
6. Оросын байлдааны гавьяа нь Чингис хааны байлдааны тактик, стратегитэй , түүний уламжлалтай шууд холбоотой гэдгийг нэг биш удаа нотолж хамгийн сүүлд гэхэд Напеолоны эсрэг явуулсан дайнд партизаны хэлбэрээр маш амжилтай хэрэгжүүлсэн нь ялалтанд нөлөөтэй байсан гэж үзжээ
7. ЗХУ –ын коммунист намын нэг гол зорилго бол зөвлөлтийн ард түмэн гэсэн шинэ үндэстнийг буй болгох гэж бүх л хүч чадлаа зориулж, бас харьцангуй амжилтанд хүрч байхад энэ бол угсаатанзүйн онолын хувьд боломжгүй, угсаатны психологийг өөрчилж болохгүй, харин угсаатан хоорондын эв найрамдал л хамгийн чухал гэж үзсэн
Энэ мэтчилэнгээр маш олон баталгаа нотолгоог гаргаж тавьсан нь тухайн үеийн улс төрийн тогтолцоонд нийцэлтэй бус, ард түмнийг сэтгэлийг ч их цочирдуулсан юм. Иймд Гумилевыг улс төр, шинжлэх ухааны хүрээнд хүлээж авах нь битгий хэл, ЗХУ –ын ард түмний хүрээнд хүлээж авахгүй байлаа. Тэр тусмаа Октьябрийн хувьсгалын «дайсан» аавтай, ЗХУ-ын төрийн эсрэг ««тэрс үзэлтэн» ээжтэй, тэгэхлээр түүний цусаар аав, ээжийн цус гүйж гүйж байгаа, түүнийг хамгийн шударга шүүх нь нотолж, 10 жил ял оноосон зэрэг амьдралын бодит түүх нь “эсэргүүний хүү бол эсэргүүн л байх ёстой” гэсэн бичигдээгүй хуулийг улам баталгаажуулж байв.
Иймэрхүү нийгэм-улс төрийн уур амьсгалын мэдэрсэн, өөрчлөн байгуулалтын эриний эхэн үед өөрсдийнх нь нэр хүнд, албан тушаалд аюул занал нөмөрж байгааг мэдэрсэн, төрийн эвээлд багтдаг зарим эрдэмтдэд болон сэхээтнүүд тодорхой бүлэглэл нь “Эх орон” гэсэн хамтралыг буй болгож, хуурамч хүнийг нэрээр түүний эсрэг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн механизмыг ашигласан агуу дайны зарласан байдаг. Анна Ахматовна нь өөрийгөө Зүчи хааны шууд хойч үе гэдгээ зарлаж, монголчуудад зориулж бичсэн шүлэг нь дээрх бүлэг этгээдүүдийн дүгнэлтийг улам баталгаажуулж байв. Энэ бол энэхүү нийтлэлийн гадна байх болно. Цаашибал Монголын эзэнт гүрэн болон монголчуудыг хэт өмгөөлөгч, Оросын ард түмнийг ад үзэгч гэх мэтээр бузар булай гүтгэлгийг өөрийг нь бурхан болтол нь зүүсэн нь өөрийн нь бичсэн нөгөө л ”Хар домог” -ын зохиогч нь түүнийхээ хамгийн том хохирогч нь болсон байдаг.
Тэгэхлээр монголчуудын талаар тэрээр соёл боловсролтой хүмүүст юуг хэлж, юуг нотолж, тэдний дургүй хүргэв гэдэг нь бидэнд хамгийн чухал болно. Үүнийг бид сайн мэддэг байх ёстой. Евразийн түүхийн гүнзгийрүүлэн судлах дутамд Монголын түүх нь түүний хамгийн сонгомол жишээ болдгоос гадна түүхийн хүрдийг хамгийн тодоор өөрчилж чадсан байв. Өрийнхөө шинжлэх ухааны номлолын суурь дэвсгэрийн үндэс нь болгохоос өөр аргагүй байв. Үүнд:
А. Дэлхий түүхийн давцанд урьд нь дуулдаагүй, жижигхэн нүүдэлчин ард түмэн гэв гэнэтхэн гарч ирээд маш богинохон хугацаанд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй агуу эзэнт гүрний байгуулсан нь дэлхийн түүхэн явц, жамд ямар нийцэлгүй байсан нь дэлхийг гайхуулснаас гадна өнөөг хүртэл үүнд итгэдэггүй хүмүүс ч ОХУ–д байдаг. Товчоор хэлэхэд зэрлэг бүдүүлэг ард түмэн нь соёл боловсролтой, хөгжилтэй ард түмнийг ялан дийлэх ямар боломжгүй гэсэн европын түүхийн үндэслэлийг таягдан хаягджээ. Гэхдээ түүхийн асуудлыг өргөн хүрээндд авч үзвэл соёл боловсролтой бүдүүлэг зэрлэг гэдэг бол маш харьцангүй ойлголт бөгөөд харин ч тодорхой цаг хугацаанд аль нэг ард түмэн хүчирхжиж, дэлхийн түүхийг тодорхойлж байгаад өөр ард түмнээр солигдох, өөрийнхөө эрч хүчийг алдах байгаль-биологийн жам л үйлчилдэг байна. Чухам энэ асуудалд өөрийнхөө анхаарлыг хандуулж олон жилийн судалгаа явуулсны үр дүнд угсаантанзүйн дотоод жам болох пассионарь онолыг гаргаж тавьсан нь уг асуудлыг шийдвэрлэх зам нээгджээ. Гумилев гуайн тогтоосноос Монгол улс байгуулахад Гурван голын монголчууд 250,000-аас хэтрээгүй бөгөөд Их Монгол улсын байгуулахад ч гэсэн өөрийнхөө монгол овог аймгуудыг оролцуулаад 700,000 хэртэхгүй байжээ. Төрийн зохион байгуулалт, төрийн уламжлал гэдэг зүйл бол бараг байгаагүй байна. Гэвч Умарт хятад 60 сая,30 сая хүн амтай Өмнөд хятадын Сүн улс, 20 сая хүн амтай Хорезмын Султанд улс, Оросын вангуудад 5 сая, Грүзин гэхэд 5 сая хүн амтай байжээ. Энэ бол зөвхөн томоохон улс хөршүүдийн тоо болно. Байлдан дагуулалт болсон тул шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хэрэгтэй байв. Үүнийг зөвхөн 20 зууны дунд үед өөрийнхөө пассионарь онолынхоо хүрээнд тайлбарлаж чадсан юм. Өөрөөр хэлбэл ХI зуунд Амар мөрний сав газар болон Монголын өндөрлөгт угсаатны хоёр түлхэц үүссэн нь монгол, зурчид хоёр байжээ. Чухам иймд энэ хоёр угсаатны хоорондох дайн нь бусад улсуудтай хийсэн дайнаас эн тэнцүү хийгээд маш ширүүн дайн тулаан болж байжээ.
Б.Чингис хаан өөрийнхөө амьд сэрүүнд 4 удаагийн дайныг өрнүүлсэн ч бүгд л цаад талуудаас дайныг өдөөсөн байдаг. Үүнд: Зүрчидтэй хийсэн дайн нь1130 онд эхэлж 1235 онд дууссан боловч өдөөн хатгагч нь Зурчдийн Алтан улс байсан юм. Цаашилбал 1204 онд наймантай хийсэн дайныг хан хүү Хүчлэг л өдөөсөн бол Хорезмын дайн нь султан Мухаммед монголын отрядыг 1216 онд дайрсан, худалдаач болох монголын илч төлөөлөгчдийг 1218 онд цаацалсан, Тангадтай хийсэн 1227 оны дайнд холбоотныхоо хэлэлцээрийг биелүүлээгүйгээс болсон байх жишээтэй. Тэгэхлээр Монголын хаанд дэлхийн эзлэх зорилготой байсан гэдэг нь түүхэн үйл явдлаар батлагддаггүй. Үнэндээ Чингис хаан хамгаалалтын дайн хийж байсан. Хэрэв хаяа дэрлэсэн дайснаас дарахгүй бол тэд сүүдэр мэт дагаж ирж, авгай хүүхэд, өтгөс дээдсийг нь хүйс тэмтрэх байсан юм. ” Үүнийг тод жишээ бол 1368 онд хятдуудын бослого гаргаж, монголчуудыг Хятадаас хөөн гаргаж, Агуу хээр тал руу нэвтрэн орохдоо гэртээ байсан ердийн монголчуудыг амьд үлдээгүй байдаг. .. .Цаашилбал 1405 онд Мин улс ньТангадын Энцин хотыг эзэлж авснаар тангадууд нь түүхийн давцангаас алга болжээ....Харин дэлхийн байлдан дагуулалтыг гүйцэтгэсэн түүний хойч үе болох үр хүүхдүүдийг ч тэднийг буруутгаж болохгүй. Бидний хүсэл эрмэлзлээс үл хамаарах түүхэн үйл явцын дотоод хүчин л тэднийг уруу татсан бөгөөд чухамдаа түүхэнд тохиолддог ийм л үйл явдлаас түүхэн үйл явдлын дотоод мөн чанар бүрэлддэг юм гэжээ “ / “Черная леганда “/ 1983 он гар бичмэл
В.Чингис хаан байлдан дагуулалтынхаа явцдаа дэлхийн түүхэнд байгаагүй харгис хэрцгий хандлага гаргадаг байсан гэдэг гүн гүнзгий ойлголт нь л бодит байдалтай нийцэлтэй биш. Энэ бусад улс орнуудын явуулж байсан дайн байлдааны түүхэн үйл явдалтай харьцуулахад дайны үеийн дотоод жамаас хазайгаагүй байдаг бөгөөд Дундад Азийг эзэлж аваад Ойрх дорнод руу явуулсан дайны үеэр урд өмнө илэрч байгаагүй хэрцгий хандлага илрэх болсныг үгүйсгэж болохгүй ч, түүнийг монголчуудад нялзааж болохгүй гэж үзжээ.
Г. Дундад зууны эхэн үед д шашины нөлөө оргилдоо хүрч дайн байлдан бол шашины туган дор маш аймшигтайгаар өрнөх болсон юм. Нөгөө талаас соёлууд нь дэлхийн томоохон шашиныг хүрээлж, соёл иргэншил бүрэлдэн тогтнох болсон тул тодорхой шашингүй ард түмнүүдийг хамгийн бүдүүлэг ард түмэн гэж үзэх болжээ.Иймд монголчуудын харгис бүдүүлэг гэдэг тодотгол эхэнд бөө мөргөлтэй, иймд адгийн шаарууд тул эзлэгдсэн соёл боловсролтой ард түмнүүдийн хувьд хамгийн том гутамшиг байсан гэсэн ойлголт ч одоо гэсэн дэнгийн дөл мэт унтраагүй байгаа юм. Тэгвэл Л.Гумилев гуай бүрэн эсэргүүцэж, Монгол улсын бүхэлдэхүүнд багтсан хэрэйд, найман, онгууд зэрэг аймгууд нь Христын нэг салбар болох несторын шашинтай байсан ба ертөнцийн эзний хүү Ийсусын шарилын хайрцгийг агуулдаг Ерусалим хотыг чөлөөлөх дайнд монголчууд дуртай оролцохдоо Монголын элч төлөөлөгчийг Ромын Пап ламын төлөөлөгч хүлээж авахдаа христийн шашины хамгийн хүндэтгэлтэй зан үйлийн ёслолыг хамтран үлдэж байсан гэдгийг гарган тавьжээ. Цаашилбал Чингис овог болох боржгон аймаг нь Бон шашинтай байсан бөгөөд бон шашин бол бусад дэлхийн гурван шашинаас нэг их дутахааргүй шашин байсан гэдгийг гарган тавьжээ. Иймд монголчууд шашингүй байсан, ийм учраас хамгийн бүдүүлэг ард түмэн мөн гэдгийг үндсээр нь няцаасан юм.
Д.Евразийн агуу удамд тал нутагт XIII зуунд хоёр цэрэг-улс төрийн хүчин үүссэн. Нөгөө нь Хорезм шах Мухаммедаар удирдуулсан Хорезмийн улс бөгөөд аль нэг нь ялж түүхийн хүрдийг эргүүлэх байв Гэтэл Хорезм шах Мухаммед нь лал шашинтай, түүний хамгийн том фанат байсан тул бусад шашнуудыг хамгийн ихээр ад үздэг байжээ. Тэгэхлээр хэрэв тэр ялсан болсон энэ бүсэд зөвхөн лалын шашинтай иргэд байх ёстойгоос гадна Оросын ард түмэний түүний эсрэг зогсох чадвар султай байсан тул үнэн алдартан шашинтангууд устгагдах, лалын шашинг тулган хүлээлгэх нөхцөл бүрдэж болох байсан ч, Чингис хаанаар толгойлуулсан монголчдууд ялсан нь оросын ард түмний хувь заяа байсан гэж үзжээ. Нөгөө талаас монголчууд аливаа шашинд маш найрсгаар ханддаг байсан, эзэлж авсан улс, ард түмнүүдийн шашныг бүх л талаар дэмждэг байснаас гадна алба гувчуураас чөлөөлдөг байжээ. Иймд олон шашин зэрэгцэн орших зарчмыг монголчууд анх тавьсан бөгөөд өнөөгийн Төв Ази, ОХУ-д олон шашин маш найрсагаар оршин байгаа нь монголчуудын том гавъяа мөн гэж үзжээ. Оросын эзэнт гүрэн хийгээд ЗХУ болон ОХУ нь түүхэн хугацаандаа олон шашинтай, бие биенээ ихээхэн хүндэлдэг, шашны аливаа зөрчилгүйгээр оршиж байгаа улс бараг байхгүй бөгөөд , түүгээрэээ ч их бахархах болжээ. Энэ бол Орос улс Алтан ордын мөрийг дэрлэж буй болсон, Чингисийн уламжлалын хамгийн ихээр авч үлдсэн гэдэг түүний дүгнэлтийг улам баталгаажуулдаг. Цаашилбал Их Монгол улсын хаан Мөнх “дэлхийн таван шашин бол миний таван хуруутай адил" гэсэн үг, ийм бодлого баримталж байсныг онцлон тэмдэглэсэн байдаг.
Е. Соёл боловсролтой, соёл иргэншлийн өндөр түвшинд байсан Европын улсууд болон Ойрх дорнодод гэрээ хэлэлцээрээс татгалзаж, хуурч мэхлэх, элч төлөөлөгчийг алах зэрэг асуудал бол ердийн үзэгдэл байжээ. Харин Чингис хаан бол элч төлөөлөгчийг алахыг хамгийн адгийн зүйл гэж үзэж, алсан тохиолдолд хамгийн хэрцгийгээр цээрлүүлдэг байжээ. Түүний хойч үеийн хүүхдүүдийн явуулсан аян дайнд энэхүү хүчин зүйл маш их үүрэгтэй байсан. Папа ламын даалгавраар ирсэн Палона Карпани, Марк Поло нар Монголын элч төлөөлөгчдийг хамт илгэхээс их айдаг байсан аж. Хэрэв дагуулж очсон бол тэр элч төлөөлөгчийг алах нь тодорхой байсан бөгөөд үүнээс үүдэж маш том дайн үүсэхийг сайн мэдэж байсан. Оросын хотуудыг эзлэхдээ Кезиль хотыг маш харгис байдлаар хандсан нь Монголын элчийг алсантай холбоотой байсан гээд дэлхий дээр элч төлөөлөгч буюу парламентар, эсвэл дипломат хүн бол дархлалын иммунитеттэй байх ёстойг дэлхий нийтэд ойлгуулж өгсөн тул орчин үеийн дипломат ёс зүйг дэлхийд Чингис хаан анх тавьсан тул өнөөгийн дэлхийн дипломатчууд нь халааснаасаа мөнгө гаргаж, Чингис хаанд хөшөө баривал зохистой гэж үзжээ. Энэ бол үнэхээр тийм тул Монголын гадаад харилцааны нэг зангилгаа асуудал болговоос зохистой. Өнөөгийн оросын томоохон эрдэмтэд, сэтгүүлчид ч гэсэн дэлхийн дипломат ёс зүйг хятадууд тавьсан гэсэн ойлголт байдаг болно.
Ё. Тэрээр монголчуудыг үзэн ядах үзэл нь Оросын эзэнт гүрэнд Европоос ямарч шүүмжлэлгүйгээр нэвтрэн орж ирснийг шүүмжлээд түүхэн эх сурвалжууд нь ямар худал байдгийг бас батлах шаардлагатай болжээ. Энэ бол Бат хааны цэрэг алдартай Киев хотыг эзлэхдээ хүн амыг нь бараг бүрэн устгаж, үнсэн товрого болгосон, дайчдын болон ердын ард иргэдийн уй гашуун, тэмээний орлих байдал нь бараг сансар огторгуйд хүрч байсан мэтээр ХХ зууны эхэнд Украйны хэт үндэсэрхэг үзэлтэн, польш гаралтай Гручевский гэдэг итгээд бичиж үлдээжээ. Яг ийм ойлголт, тайлбарыг би Харьков хотод суралцаж байхдаа хүн болгоноос сонсож байв. Гэтэл Л.Гумилед гуай ийм зүйл ер болоогүй гэдгийг түүхэн аргаар баталж нотлохдоо Бат хааны ирэхэс өмнө гурван удаа Оросын вангуудын хооронд хүчтэй тулаан болж Батыг ирэхэд хот гэж хэлэхэд хэцүүхэн болчихсон байсан. Тухайн үедээ модон барилга байгууламж их байсан тул эдгээр дайнд шатаж устсан. Батыг ирж явааг дуулаад ван нь Польш руу зугатаж гараад, зөвхөн цэргийн ахлагчийг хамгаалуулахаар үлдээсэн. Иймд бараг дайн тулалдаан болоогүй гэж бичжээ. Гэтэл энэ үзэн ядалт өнөөг хүртэл хүчтэй байгаа тул Украйны залуу параламент нь Монгол улсаас нөхөн төлбөр гаруулах саналыг хүртэл гаргаж байх шижээтэй. Хэрэв Гумилев гуай уг асуудлыг тайлбарлаагүй бол цаашид ийм л байдлаар Монгол улсад хандах улсуудын төлөөлөгчид багагүй гарч ирж болох юм. Чухамдаа нэр хүндтэй түүх ч хүн л бидэн тусалж байна шүү дээ. Сүүлийг үед Оросын томоохон эрдэмтэд, сэтгүүлчдийн дунд дундад зууны монголчуудын дайны үйл хэргийн талаарх ойлголт нь өөрчлөгдөж,Гумилев гуайн үндэслэлийг хүлээн авах болжээ. Энэ бол бас түүний гавъяа болно.
Ж. Монголчууд Европод шууд довтолгоо хийж, байлдан дагуулах үйл ажиллагааг өрнүүлээгүй ч, чухамдаа монголчуудыг дэлхийд үзэн ядах үзэл нь тэнд л үүсч, сүүлийн 500 жилийн туршид дэлхий нийтэд таран түгэж, тэр нь Оросын эзэнт гүрэнд ямар ч шүүмжлэлгүйгээр орж ирж, өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгааг шүүмжлэн, түүнийг шинжлэх ухааны үндэслэтэйгээр няцаах ажилд өөрийнхөө авьяас чадвараа зарцуулж «Хар домог» бүтээлээ туурвисан юм. Европчууд нь монголчуудыг мах ясандаа хүртэл үзэн ядахдаа генийн хомсдолтлоос болж төрдөг даун хүмүүсийг «монгол» гэж нэрлэсэн өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байна. Энэхүү үзэн ядалт нь ямар зуунд яаж үүсч, яаж өрнөж яаж таран түгсэн талаар хүүрнэсэн алдартай «Хар домог» номыг нь Аким гуай хөрвүүлж, хэвлүүлсэн ч монголчуудын хэний ч анхаарлыг татаагүй бололтой. Тэрээр уг бүтээлээ дэлхийн томоохон нээлтэй зүйрлэсэн байдаг. Харин ямар хүнд асуудал байсныг тэрээр бие , сэтгэлээрээ туулж, шинжлэх ухааны түвшинд хамгийн сайн мэддэж байв.
Энэ мэтчилэнгээр Монголчуудын өмнө үзүүлсэн Гумилевын гавьяа үргэлжүүлж болно. Их эрдэмтэн Гумилев гуай боловсрулсан Евразийн онолын тайлбарласан цуврал нийтлэлүүдийг цаашид бичиж нийтлүүлэх болно. Гэхдээ дээрх үндэслэлүүд нь Монголчуудыг үзэн ядах үндэслэлд томоохон байр суурь эзэлдэг юм. Ер нь Монголын түүхийг энэ агуу хүн дэлхийн түвшинд үнэн зөвөөр гарган тавьснаар монголчууд нь түүхэнд шинээр эргэн төрсөн гэж үзэж болох бөгөөд монголчуудыг үзэн ядах үзэлд цэг тавьж, сэтгэлзүйн хувьд түүхэн хариуцлагаас чөлөөлж өгсөн нь үнэхээр үнэлж баршгүй гавъяа нь байлаа.
Нөгөө талаас монголчууд дундад зууны дунд үеэс дэлхийн тавцангаас алга болж, улмаар өвөр хоорондоо дайтаж, эцэстээ Манжийн хараат болсноор дэлхийгээс тасарсан юм. Иймд дэлхий нийтэд Монголын талаар ямар бузар булай гүтгэлгээг олон зуунаар амилж, яаж биднийг ад үздэг болсон төсөөлөх ч үгүй байлаа. Цаашилбал уг асуудлуудыг мэдээд, монгол эрдэмтэд эсрэг санаа оноог дэвшүүлж баталж нотолсон ч, олон хүн хүлээж авахгүй байлаа. Чухам иймд Монголын дундад зууны түүх энэ агуу хүний судалгааны объект болсон нь бид бүхний аз завшаан гэж ойлгож байна.
Цаашибал энэ агуу хүн Монголын дотоод түүхийн талаар ямар өв санг үлдээв гэдэгт анхаарлаа хандуулъя. Юун түрүү Евразийн ард түмний хамтарсан түүхийг Хүннүгээс эхлээд Түрэг, Монголын дамнуулан ОХУ хүртлэх гинжин холбоог гарган тавьсан. Евразийн ард түмнийг хэт угсаатны нэг бүлэг гэдгийг нотолж цаашид хамтын нөхөрлөлийн харилцаа нь тэдний ирээдүй байх ёстойг анхааруулсан.
Хоёр: Монголын алтан судар болсон «Нууц Товчоо»-нд түүх-угсаатан зүйн ухааны түвшинд пасионарь онолын хүрээнд маш нягтаар авч үзэж,”Цуу ярианаас үүдэлтэй хаант улсын эрэлд” гэдэг агуу номоо туурвиж бидэнд үлдээсэн. Маш олон шинэ санааг дэвшүүлсэн. Зөвхөн энэ ном бичиж хэвлүүлсний төлөө 15 жил бичиж, нийтлүүлэх эрхээ хасуулсан. Түүний туурвисан алдартай бүтээлүүдэд Монголын асуудал томоохон байр суурь эзэлдэг. Иймд Гумилевын бүтээлийг бид шимтэн уншиж, түүнийг бусдад суртачилах л үүрэг үлдэж байна.
Монголын түүхийн баатаруудад яаж хандаж байсан гэдэг асуудал сонирхолтой байдаг. Үүнд тэрээр Чингис хааныг үнэхээр шүтдэг хүн байлаа. Чингис хааны талаар бичихдээ бараг хэлэх үг нь олдохгүй байх шиг санагддаг. Чингис хааны талаар ямарваа сөрөг үг хэлүүлэх гэсэн «өөрийнхөө дайснууд» олон оролдлогод «Би түүхэн хүнээр наймаалцдаггүй» гэж хариулдаг байв. Ганцхан удаа санамсэргүй алдаа гаргасан нь Хятадын генерал Чжао Хун гэдэг нөхрийн Чингис хаан нь Хятадын шоронд 13 жил суусан гэдэгт итгэсэн явдал юм. Тэрээр эх сурвалжид итгэдэггүй цөөхөн эрдэмтдийн нэг байсан ч, дундад зууны хятадын эх сурвалжууд, ялангуяа дайн байлдааны сурвалжид итгэдгээ нэг биш удаа онцолсон байдаг юм. Учир нь дорно, ялангуяа хятадууд дайн бол байгалийн үзэгдэл тул түүнд аль болох бодит байдлаар бичдэг байсан гэдэг үндэслэлээр уг генериалийн зурвасыг ямарч шүүлтгүйгээр хүлээн авчээ. Гэхдээ нь энэ хугацаа нь судлаад үзэхээр Тэмүжин түүхийн давцангаас алга болсон бөгөөд Монголд түүхэн үйл явц өрнөөгүй байсан нь түүний ингэж үзэхэд хүргэжээ. Энэ нь түүхийн мөн чанарт ямар нөлөөгүй боловч Оросын нэрт найруулагч Бобровын «Чингис хаан» кино-гоо хийхдээ чухамдаа энэ хэсгийг үндэс болгож авсан нь түүх, амьдралд нийцэлтэй бус байлаа. Өүлэн ээжийг гүнээ хүндэтгэж, тэнгэр тэтгэгч хатан хаан гэж анх удаа өргөмжилсөн байдаг
Гурав: Эцгийнхээ дараа Монголын эзэнт гүрнийг толгойлсон Өгөдэй хааныг бусдаасаа сул дорой хүн байсан гэдэгт маш итгэлтэй байдаг бол, Хубилай хааныг ихээхэн тулхтай, алсын хараатай хүн байсан ч, Яс хуулийг зөрчиж, өөрийгөө Их хаанаар зарласныг шүүмжилж, чухамдаа энэ үйл явдал Монголын эзэнт гүрнийг задралын эхлэлийг тавьсан гэж үздэг. Хубилай Хятадын хаан болсноор Чингисийн уламжлалыг гээж эхэлсэн. Мөнх хааныг маш өндрөөр үнэлдэг бол, Хайсан хааныг бараг элдвээр харааж зүхсэн байдаг. Чингис хааны үе залгамжилсан хаан хүүхдүүдийн гадагш явуулсан дайныг түүхэнд өрнөх ёстой зүйлийг хэрэгжүүлсэн гэж үзэхдээ тэдний улс төр-цэргийн бодлого хийгээд бусад ард түмнүүдтэй харьцаж байсан байдал, гэрээ хэлэлцэлдээ үнэнч байсан зэрэгт ихээхэн хүндэтэлтэй хандаж, ямарва шүүмжлэлийг хүлээж аваагүй юм.
Дөрөв: Тэрээр 1960 оны сүүлчээс л Дэлхий дээр олон туульт ертөнц буй болох ёстой бөгөөд тэр нь газарзүйн бүсчлэлээр газарын гадаргуугийн ижил төсөөтөй бүс нутагт нэг түлхэцээс үүссэн угсаатнууд, түүхэн хувь заяа, ахуй -соёлын уялдаа холбоотой байж ирсэн, угсаатны психологийн хувьд ижил төсөөтэй хэт угсаатны улс орнууд хүрээнд олон төвүүд үүсэх бөгөөд түүний хамгийн том төлөөлөл нь Евразийн тивийн ард түмнүүд хэт угсаатны бүлэг байх болно. Евразийн хэт угсаатан нь Орос, монголын оруулаад энэ тивд амьдарч байгаа ард түмнүүдийг хэлнэ гэжээ. Чухамдаа уг хэт угсаатны хамтын нөхөрлөлийн хүрээнд тэдний хөгжил , цэцэглэлт, ирээдүй байх болно гэж үзжээ.
Тэрээр өөрийнхөө амьдралын хамгийн сүүлийнхээ сурвалжлага өгөхдөө дараах сануулга, захиаг үлдээж чадсан юм. “Евразийн онолын хураангуйлал бол зөвхөн дайснаа эрэхдээ гол нь биш, тэр нь маш олон, харин найз нөхдөө хайх нь амьдралд хамгийн үнэ цэнэтэй үйл хэрэг. Үнэнч холбоотнуудыг эрж хайх хэрэгтэй. Тэгэхлээр түрэгүүд болон монголчууд л оросын үнэнч холбоотон байж чадна, харин англи, франц, немцүүд бол их зальтай шулан мөлжигчид байх болно гэдэгт би эргэлздэггүй”. “Би нэг л зүйлийг мэднэ. Харин танд л гэж аминчлан хэлэхэд зөвхөн Евразийн хамтын нөхөрлөлд багтаж, зөвхөн Евразийн гүрэн байж гэмээ Орос аврагдана” гэжээ?.[«Социум» сэтгүүл.1992он. 5сар] Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг, хөгжил цэцэглэлтийнхээ өрнөлийн үедээ орсон эх орныхоо ирээдүйн талаар ингэж санаа нь зовж байсан нь хамгийн хачирхалтай боловч суут хүмүүст биднээс илүү зүйлсийг мэдэх, мэдрэх увидастай байдгаар ялгардаг шүү дээ. Өнөөдөр нэг үндэстэн болох хоёр томоохон улсын хоорондох хязгаарагдмал дайныг өрнөлыг АНУ, Европын хамтын нөхөрлөлөн орнууд л өдөөж, маш идэвхтэйгээр оролцож байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаа нь дээрх санааг улам баталгаажуулж байна. Нөгөө талаас ОХУ нь өөрсдийгөө Европын улс гэдгээс үндсээрээ татгалзаж, Евразийн гүрэн гэдгээ хүлээн зөвшөөрөх болов. Энэ нь дэлхийн түүхийн эргэлтэнд маш их нөлөөлтэй байх болно.
Доктор, Хар нүдэн овогт Г. Төмөрхадуур
Агуу эрэдмтэн Л.Н. Гумилевын 110 жилийн ойд зориулав.
/Хөх толбо сонин: 2022-11сар. №31/









