ГХЯ: Нэг сарын хугацаанд гадаадын 1,419 иргэнд оршин суух ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
Манай улс өнгөрсөн сард гадаадын 1,064 иргэнд визийн зөвшөөрөл, гадаадын 348 иргэнд виз, 27 улсын 378 иргэнд цахим виз олгожээ.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1,419 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 629 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
Үүнийг 2021 онтой харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 58.9 хувь, виз олголт 25.3 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 52 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн сунгалт 11.6 хувиар буурчээ.
Түүнчлэн төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газар үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байгаа бөгөөд аравдугаар сард нийт 626 аж ахуйн нэгж, байгууллагын 1,519 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэсэн байна.