ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ

2022 оны 10 сарын 21

Arslan.mn

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ш.ЖАДАМБЫН НЭРЭМЖИТ ПРАКТИК БУУДЛАГЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик буудлагын тэмцээн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Монголын практик буудлагын холбооны буудлагын талбайд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Зэвсэгт хүчин, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах алба, Төрийн тусгай хамгаалалт болон ОХУ-ын баг зэрэг 10 байгууллагын 183 тамирчин, 4 төрлийн 5 ангилалд өрсөлдсөнөөс Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны баг тамирчид багийн дүнгээр:

Карабины опен ангилалд.

  • Гутгаар байр хүрэл медаль
  • Шөнийн буудлагын төрөлд 
  • Тэргүүн байр алтан медаль, хоёрдугаар байр мөнгөн медаль
  • ПСС ангилалд
  • Тэргүүн байр алтан медаль
  • Карабин стандарт ангилалд
  • Тэргүүн байр алтан медаль тус тус хүртсэн амжилт гаргалаа.

“НОГООН БҮС” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн байгууллагаас Хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, сайн туршлага, дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле камерын тоог нэмэгдүүлж, “Аюулгүй Ногоон бүс”-ийг бий болгож, тус бүсэд амьдарч буй иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн аюулгүй хотыг бий болгох зорилгоор гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгддэг хороог сонгон авч “Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 1-р дөчин мянгатын нутаг дэвсгэрийн 29.7 га газрыг эрүү, хэв журмын нөхцөл байдал, өдөртөө Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуй нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан сонгон авч теле камерын хяналтад бүрэн оруулах ажлыг хэрэгжүүллээ.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ШАТАЖ БАЙСАН БАЙШИНГААС 2 НАСТАЙ ХҮҮХДИЙГ ЭЭЖИЙНХ НЬ ХАМТ АВАРЧЭЭ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид шатаж байсан байшингаас 2 настай хүүхдийг ээжийнх нь хамт аварчээ.

Тодруулбал: энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч А.Мөнхзул , эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Гэгээнтулга, цагдаагийн дэд ахлагч П.Саруул нар шөнийн 00.20 цагт Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр 26-р байрны 11 давхрын тагтнаас гал гарч байсныг Нийслэлийн онцгой байдлын гал түймэр унтраах, аврах анги дуудаж тус байрны 11, 12 давхрын айлуудад мэдэгдэж, угаартсан байдалтай байсан 2 настай хүүхдийг ээжийнх нь хамт гарган, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

“ИТГЭЛ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас санаачлан Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн аддиктологийн төвтэй хамтран “Архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү төслийг нийслэлийн зорилтод бүлгийн иргэдийг хорт зуршлын эсрэг нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3 үе шаттай зохион байгуулж 100 иргэн хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эхний шатанд Нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн 44 иргэнийг хамрууллаа.

Хувь хүн, тэдний гэр бүлийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байгаа энэхүү төсөлд мэргэжлийн байгууллага, мэргэжлийн зөвлөх багууд хамтран оролцож, олон улсын арга зүйд суурилсан эмчилгээ үйлчилгээний 28 хоногийн хөтөлбөрөөр иргэдэд эмчилгээ болон дэмжих бүлгийн үйлчилгээг үзүүлсэн байна.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй "Гэртээ гэрэл нэмье" нөлөөллийн арга хэмжээний хүрээнд “Зөв гэр бүл” гар зургийн уралдаанд Баянхонгор сумаас ирүүлсэн 170 орчим бүтээлүүдээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулан Талархал, гарын бэлэг гарууллаа.

1-4 дүгээр ангийн төрөлд:

Тэргүүн байранд - Номундалай сургуулийн 1а ангийн сурагч О.Алтанзул

Хоёрдугаар байранд - Номундалай сургуулийн 3а ангийн сурагч Б.Отгонцэцэг

Гутгаар байранд – Номундалай сургуулийн 1а ангийн сурагч З.Тэмүүлэн

Тусгай байранд- Номундалай сургуулийн 3ё ангийн сурагч О.Уртнасан

5-9 дүгээр ангийн төрөлд:

Тэргүүн байранд - Эрдэм ахлах сургуулийн 7г ангийн сурагч Дагвадорж

Хоёрдугаар байранд – 7в ангийн сурагч У.Мөнх-Эрдэнэ

Гутгаар байранд - Номундалай сургуулийн 5д ангийн сурагч Э.Баярцэцэг

10-12 дугаар ангийн төрөлд:

Тэргүүн байранд - Номгон ахлах сургуулийн 10г ангийн сурагч Э.Анударь

Хоёрдугаар байранд - Эрдэм ахлах сургуулийн 10в ангийн сурагч С.Сувд-Эрдэнэ

Гутгаар байранд - Номгон ахлах сургуулийн 11а ангийн сурагч О.Мөнгөншагай тус тус шалгарлаа.

Зургийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт сурагчдадаа сурлагын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641654
0 эможи

keyboard_arrow_up