Дугуй цагааны тохижилтын ажил 15 хоногоор хоцорч, 200 саяын АЛДАГДАЛД ОРЖЭЭ
Богдхан уулын Дугуй цагаан орчмын тохижилтын нээлт өнөөдөр болох байсан ч саатжээ. Учир нь Нийслэлийн хот тохижилтын газар гүйцэтгэж буй тохижилтын ажилд "Энигма" ХХК саад учруулж, уулын тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй байгаагаас уг ажил 15 хоногийн хоцрогдолтой, 200 сая төгрөгийн алдагдалд оржээ.
Дугуй цагааны тохижилтын явц өнөөдөр дунджаар 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ААН саад учруулахгүй бол 15 хоногийн хугацаанд дуусчих аж.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Цаг хугацаатай уралдаж хийж байгаа энэ тохижилтын ажлыг саатуулж буй энэ компани валютын зөрүү, инфляцын зөрүүг төлөх үү. Бүтэн сарын тээвэрлэлт, ханшийн алдагдлыг энэ компани төлж чадахгүй. Зүгээр л хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна. Энэ компани энэ газрыг өөрийн өмч мэт харж байна. Гэвч үнэндээ энэ газар улсын өмч. Нийслэл аж ахуйн нэгжээ дэмжинэ. Гэхдээ ийм аж ахуйн нэгжийн дэмжих хэрэг үү” гэлээ.









