С.Буянжаргал: Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 235 хүн амиа алдсан
Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцөл байдлыг эхний есөн сарын байдлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, хурандаа С.Буянжаргал танилцууллаа.
Тэрбээр "Хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 958 бүртгэгдэж, үүний улмаас 235 хүний амь нас хохирч, 804 хүн гэмтсэн.
Үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гарсан хэрэг 55.8 хувиар өсөж, гэмтсэн хүн 55.3 хувиар, нас барсан хүн 50.6 хувь өссөн нь анхаарал татаж байна. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас үе шаттай арга хэмжээ авч байгаа боловч энэ төрлийн гэмт хэрэг эрс өссөн үзүүлэлттэй байгаа.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тоймлон үзвэл:
- Жолоочийн буруутай үйл ажиллагаа 85 орчим хувийг эзэлж байна. Тухайлбал, хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас тоног төхөөрөмжөөр холбогддог ба согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооддог.
- Явган зорчигчид гарцгүй газраар гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг.
- Орон нутгийн замд гэрэл шилжүүлэхгүй хурд хэтрүүлэхгүй зэрэг шалтгаан нөхцөл байна.
Түүнчлэн сүүлийн үед унадаг дугуй, скүүтер, Surron зэргээр хөдөлгөөнд оролцож, хүний биед гэмтэл учрах тохиолдол бүртгэгдэх болсон" гэлээ.









