47 настай эмэгтэйн гар утсыг дээрэмдэж, хүчирхийлсэн ЭТГЭЭДИЙГ шуурхай БАРИВЧИЛЖЭЭ
Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын орчимд үл таних хүн миний хоолойг боож, гар утас дээрэмдсэн" гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу БЗД дэх цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгахад өчигдөр шөнө буюу энэ сарын 17-ны өдрийн 03 цагийн үед 47 настай эмэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг далимдуулж үл таних хүн биед нь халдан ухаан алдуулан хүчирхийлж, хохирогчийн гар утсыг дээрэмдсэн болох нь тогтоогдсон байна.
Тус хэргийг шуурхай илрүүлэх чиглэлээр Дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай ажиллан уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 1999 онд төрсөн "Э" гэгчийг дайчлан баривчилж үзлэг, шалгалт хийж хохирогчийн гар утсыг биеэс нь хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Хохирогч эмэгтэй нь одоо эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа талаар албаныхан хэллээ.









