ЦЭРЭГ ТАТЛАГА: Эрүүл мэндийн шалтгаанаар цэрэгт тэнцээгүй залуусыг дараа жилийн цэрэгт татлага хүртэл ЭМЧИЛДЭГ
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2022 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.
2022 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан бол II ээлжийг есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулах юм.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 89 хувьтай байна. Мөн 1,605 хүн цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр төлжээ.
Нийслэлийн цэрэг татлагын товчооны зүгээс цэрэг татлагын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтэд анхаарч, ирж буй өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхийн зэрэгцээ хууль, эрх зүйн дагуу ажиллаж буй эсэхэд хяналт тавьж байгаа аж.
Мөн хурлын үеэр өнгөрөгч цэрэг татлагуудын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнг танилцууллаа. 2021 оны II ээлж болон 2022 оны I ээлжийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт нийт 10,671 хүн хамрагджээ. Тэдгээрийн дунд
- Дотрын эмгэг
- Чих, хамар, хоолойн өвчлөл
- Мэс заслын эмгэг
- Шүд, амны хөндийн өвчлөл
- Нүдний эмгэг гэсэн өвчин эмгэгүүд өндөр хувь эзэлж байна. Харин бэлгийн замын халдварт өвчин, сэтгэцийн эмгэг харьцангуй бага хувь эзэлжээ.
"Жил бүр цэрэг татлагад ирсэн нийт залуусын 9-11 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй"
Энэ тухай Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийг штабын тоо бүртгэлийн офицер С.Баярмагнай хэлэхдээ “Эрүүл мэндийн шалтгаанаар жил бүрийн цэрэгт тэнцээгүй залуусын тоо харилцан адилгүй. Гэхдээ ер нь цэрэг татлагад ирсэн нийт залуусын 9-11 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцдэггүй.
Эрүүл мэндэд тэнцэхгүй байгаа залуучуудыг үндсэндээ богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэж ангилдаг бөгөөд богино хугацааны эрүүл мэндийн шалтгаанаас болж тэнцээгүй залуусыг дараагийн цэрэг татлага хүртэл тухай өвчнийг нь эмчлэх тал дээр нь анхаарч, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг.
Тухайлбал, өнгөрсөн жил эрүүл мэндийн богино хугацааны эмгэгийг улмаас цэрэгт тэнцээгүй залуусыг өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэж, энэ жил дахин цэрэгт татлагад хамруулах тал дээр бид эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг.









