СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гарцаар гарч байсан 13 настай хүүхдийг дайрч, амь насыг нь хохироожээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15:10 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг “Монгол алт”-ны уулзварт “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тодруулбал, тус аймаг дахь цагдаагийн газраас шалгахад тус суманд суух 44 настай, эрэгтэй “Ц” гэгч нь Мицубиши маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай,эрэгтэй “Г” гэгчийг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг бүртгэгдэж шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Ачааны тээврийн жолооч осол гарах үед согтуурах болон мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг согтуурал хэмжигч багажаар шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлээд байна.
Иймд цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслийн жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, дүрмээ ягштал биелүүлж оролцох нь тэдний үүрэг бөгөөд хайхрамжгүй хандсанаас болж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгөд нөхөж баршгүй гарз, хохирол учирч байгааг анхааруулж байна.









