Б.Баасанцогт нарт холбогдох эрүүгийн ХЭРГИЙН ТАЛААР...
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3 шүүгдэгч, хуулийн этгээд буюу “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд хянан хэлэлцэгдэж дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хахууль өгөх/,
мөн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /биеэ үнэлэхийг зохион байгуулах/, /орон байраар хангах/ гэмт хэрэгт,
шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /хахууль авах/ гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ гэмт хэрэгт,
“Улаанбаатар импекс” ХХК-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан /хахууль өгөх/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэлэлцээд,
Нийслэлийн прокурорын газраас “Улаанбаатар импекс” ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Биеэ үнэлэхийг зохион байгуулсан” гэмт хэргийг орон байраар хангасан гэм буруутайд тооцож, 01 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 4 сарын хугацаагаар,
шүүгдэгч Д.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Б.Мөнхбаярыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.
Түүнчлэн Б.Баасанцогтоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.









