Улсын бүртгэгч нарын ХУУЛЬ БУС үйлдэл ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ

2022 оны 10 сарын 05

Arslan.mn

Улсын бүртгэлийн байгууллагын зарим бүртгэгч, албан тушаалтны хууль бус хуумгай үйлдлээс болж тухайн салбарт ажиллаж буй ажилтны нэр хүнд сэвтэж байна. УБЕГ-ын харьяа нийслэлийн дүүргүүд дэх Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нараас цөөнгүй хүн эрүүгийн хэрэгт холбогдож, АТГ-ын үүдийг сахиж, зарим нь шүүхээр гэм буруутай эсэхээ дэнслүүлэхээр болоод буй юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Д.Чинтулга нарыг Ардчилсан намын тамга тэмдэгтэй үйлдэлд холбоотой шалгаж байна гэж мэдээлээд буй. Түүнчлэн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Т.Ганболд, эхнэр Х.Янжингаажид нарын гэрлэлтийн бүртгэлийг авлига авч, хууль бусаар хийсэн байж болзошгүй үйлдэлд тус газрын ажилтнуудыг ч холбогдуулан шалгаж байгаа билээ.

Тэгвэл улсын бүртгэгч нартай холбоотой өөр цөөнгүй хууль бус үйлдлийг АТГ-ынхан шалгасан байна.Тухайлбал Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Золзаяа нь УБЕГ-ын Иргэний бүртгэлийн гадаадад зорчих эрхийн бүртгэлийн улсын бүртгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж хийх ёсгүй үйлдэл хийснийг АТГ-ын мөрдөгчид тогтоосон аж. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Тэрбээр хэрэг нь шүүх, прокурорын байгуллагад шилжсэнтэй холбоотойгоос уу, өөр шалтгаантай байсан уу ажлаасаа түр гарсан гэнэ. Тодруулбал, БНСУ-д ажиллаж амьдарч байсан иргэн энгийн гадаад паспорт хүссэн мэдүүлэг бөглөж өгсөн аж.

Уг нь Засгийн газрын 2016 оны 126-р тогтоолын хавсралтаар баталсан журамд зааснаар Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт авах хүсэлтээ биечлэн гаргахаар заасан байдаг. Харин Б.Золзаяа нь уг заалтыг зөрчиж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан хэрэгт холбогджээ. Зөвхөн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нь энэ аж. Түүнээс биш өөр үйлдлүүд ч байж болзошгүй гэх мэдээлэл бий. Ийм байдлаар гадаад паспортын олон материал авч олгосон байж болзошгүй гэсэн хардлага байдаг юм билээ. 2017 оноос Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр ажиллахдаа дандаа гадаад паспортын бүртгэл хийсэн нь өөр ийм хэрэг өдүүлсэн байж болзошгүй гэсэн хардлага дагуулдаг аж.

Гадаад паспорт бүртгэж, олгодог албан тушаалтнуудтай холбоотой өөр нэг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд 60 хоногийн дотор нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан байна. Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч Г.Ган-Утас хороо хариуцсан бүртгэгчээр ажиллаж байсан С.Энхчимэг нар Монгол Улсад байхгүй В.Алтангэрэл гэх хүний гадаад паспорт гаргуулах хүсэлтийг авч олгосон хэрэгт холбогдсон юм. Уг хоёр ажилтанд прокуророос албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. Дээрх бүртгэгч нараас гадна саяхан УБЕГ-таа шилжин албан тушаалд томилогдсон н.Мөнхтогтох гэдэг хүнтэй холбоотой үлйдлийг АТГ-ынхан шалгаж байна. Баянгол дүүргийн нутаг Гандангийн дэнж орчмын өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг зам барина хэмээн улсын мэдэлд авч, өмчлөгч иргэнд нь нөхөн олговор өгсөн аж. Гэвч зам бариад үлдсэн хэсэг нь эзэнгүй болмогц дээрх н.Мөнхтогтох гэх албан тушаалтан гэрчилгээ гарган зарсан, мөн хээл хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдон шалгуулж буй юм билээ.

 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641081
0 эможи

keyboard_arrow_up