“Эрчим хүчний хэт ачааллын улмаас галт түймрийн дуудлага НЭМЭГДЭЖ БАЙНА“
Нийслэлийн Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд ахуйн галт түймрийн дуудлага нэмэгдэж байна. Нийслэлээс ахуйн галт түймэр, угаарын хийн хордлогыг бууруулах зорилгоор "Гал ганц хоромд...Мартаж болохгүй" нөлөөллийн 45 хоногийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байгаа. Гал түймрийн дуудлага ихэвчлэн цахилгаан эрчим хүчний хэт ачааллаас үүдэж 11:00, 17:00 цагийн үед гарч байна. Иймд галын аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдүүдийг гэрт нь хараа хяналтгүйгээр орхихгүй байх шаардлагатай" гэв.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 120 мянган тонн түлш нөөцөлсөн. Одоогоор борлуулалтын 473 цэг ажиллаж байна. Цаашид нэмэлтээр цэгийн тоог нэмж аравдугаар сарын 15-н гэхэд 650 цэг ажиллуулна. Түүнчлэн, түлшний чийгшил өнгөрсөн жил 6.8 хүртэл байсан. Энэ жил хамгийн ихдээ 3.8 байгаа. Түлшний чанар маш сайн байгаа” гэлээ.









